COVID-19: Британийн эрдэмтэд вирусийг хормын зуурт илрүүлэх тест бүтээжээ
2020-11-02

COVID-19-ийг бусад төрлийн амьсгалын замын халдвараас хормын төдийд илрүүлэх боломжтой амьсгалын тестийг Уэльст боловсруулсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ тестийг Шотланд болон Германд туршсан үр дүнг Lancet анагаах ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.

 

Энэ тестийг боловсруулсан Imspex Diagnostics компанхийн мэдэгдсэнээр шаардлагатай санхүүжилт шийдэгдвэл зургаан сарын дараа гэхэд тестийн төхөөрөмж ашиглалтад бэлэн болох гэнэ. 

 

"Энэ тест үнэхээр гайхалтай. Зөвхөн эмнэлэгт төдийгүй хаана ч хэрэглэж болохын зэрэгцээ хормын төдийд халдвар илрүүлэх боломжтой. Энэ тестийг онгоц, нийтийн тээвэр, цагаачидтай ажиллах үеэр ч ашиглаж болно. Амьсгалын дээжийг маш хурдан авч болохын дээр энэ тестээр шинжлэхэд тусгай мэргэжлийн хүн хэрэггүй, хариу нь хэдхэн минутын дотор гарна" гэж компанийн тэргүүн Санти Домингес мэдэгджээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ компани анхлан уушгины хавдар зэрэг өвчнийг оношлоход болон бактерийн халдварыг вирусийн халдвараас хурдан ялгахад зориулагдсан тест боловсруулах  технологи хөгжүүлж байсан гэнэ. Харин дэлхий даяар COVID-19 цар тахал эхэлсний дараа тус компани коронавирусийг оношлоход бүхий л хүчин чармайлтаа дайчилсан байна.

 

"Бид энэ салбарт энэ төрлийн төхөөрөмжүүдийг ашиглах туршлага бий. Коронавирус гарсны дараа бид энэ чиглэл рүү ажлаа өөрчлөх шаардлагатай болсон" хэмээн Домингес ярьжээ.

 

Энэхүү шинэ технологийг ашиглан Эдинбург болон Дортмундын эмнэлгүүдэд хэвтэж байсан өвчтөнүүд дээр туршилт хийсэн байна. Туршилтын үеэр энэхүү шинэ төхөөрөмж COVID-19-ийг бусад төрлийн халдвараас ялгаж чадах эсэхийг эрдэмтэд тогтоохоор ажиллажээ.

 

Төхөөрөмж нь амьсгалын замын өвчний төрлийг ялгах гол ялгааг харуулах тогтворгүй химийн элементүүдийг амьсгалын дээжээс хайж, шинжлэх аж. Туршилтын үеэр төхөөрөмж коронавирусийг ялгаж чадсаны дээр энэ үр дүнг өмнө нь ашиглагдаж байсан оношилгооны аргаар баталгаажуулсан байна. Тодруулбал, нийт тохиолдлын 80 хувьд нь шинэ төхөөрөмж астма, бактерийн үрэвсэл зэрэг бусад өвчнөөс коронавирусийн халдварыг ялган, оношилж чаджээ. Эдинбургт хийсэн туршилтын явцад өвчний хүндрэл болон нас баралтын эрсдлийг өндөр магадлалтайгаар тогтоох боломж оллгох химийн элементүүдийг ч шинэ төхөөрөмж таньж чадсан байна. 

 

"Эдгээр тестүүд найдвартай гэдэг нь батлагдвал эмнэлгүүд эсвэл яаралтай тусламжийн тасгуудад коронавирусийн халдварыг шуурхай оношлох боломж нээгдэх бөгөөд ингэснээр эмнэлгийн ажилтнуудын ажлыг ихээхэн хөнгөвчилнө" хэмээн эрдэмтэд мэдэгдсэн байна. Нэн ялангуяа, ижил төстэй шинж тэмдэг илэрч болзошгүй улирлын томуугийн дэгдэлтийн үеэр коронавирусийн халдварыг шуурхай оношлох нь нэн чухал гэж эрдэмтэд онцолжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, эрдэмтэд шинээр гарган авсан төхөөрөмжийн үр дүнд ихээхэн сэтгэл хангалуун байгаа ч одоогоор энэ төхөөрөмжийг өргөн цар хүрээтэй туршаагүй, ойролцоогоор 100 өвчтөн дээр туршсан байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин