COVID-19: Москва мужид сургуулиуд цахимаар хичээллэж, ахмадууд гарах "эрхгүй" болов
2020-11-02

Дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахал Европын орнуудад буурах шинжгүй, хоёр дахь давалгаа гарч байгаа талаар мэргэжилтнүүд анхааруулж, улс орнууд ч халдварын дэгдэлтийг хязгаарлах үүднээс дахин хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэллээ. 

 

Коронавирусийн халдварын тохиолдлоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж буй манай хойд хөрш ОХУ-д хоногт илрэх халдварын тоо улам бүр өсч байгаатай холбоотойгоор хөл хорио, хязгаарлалт, тусгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин хэрэгжүүлж эхэлжээ. 

 

Тэр дундаа, халдварын тоо өндөр байгаа нийслэл Москва хотод 6-11 дүгээр ангийн сурагчдыг 11 дүгээр сарын наймныг хүртэл долоо хоногийн хугацаатай цахимаар хичээллүүлэхээр болсон байна. Цахим хичээлийн хугацааг сунгах эсвэл танхимаар хичээллэх эсэх талаарх шийдвэрийг ирэх долоо хоногийн эхээр гаргана гэж Вести агентлаг мэдээлжээ. Харин нэмэлт боловсролын байгууллагууд, хүүхдийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх байгууллагууд 11 дүгээр сарын 29-нийг хүртэл хаалгаа барих юм байна.

 

Түүнчлэн 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл дөрвөн долоо хоногийн хугацаацтайгаар Москва хотын шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх хүмүүсийг QR кодоор нэвтрүүлэх системийг сунгажээ. Москва хотын дарга Сергей Собянины өгүүлснээр, энэхүү цахим хяналтын систем нэвтэрсэн эхний долоо хоногийн дүнгээр хотын 1500 гаруй цэнгээний газар, тэр дундаа зоогийн газар, зочид буудлууд сайн дураараа энэ системд нэгдсэн байна. 

 

Вирусийн дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнөөдөр буюу 11 дүгээр сарын хоёрноос энэ сарын 15-ныг дуустал Москва мужид 65-аас дээш насны иргэд болон архаг хууч өвчинтэй хүмүүс өөрсдийгөө зайлшгүй тусгаарлах горим үйлчилж эхэлжээ. Өмнө нь энэ төрлийн хүмүүсийг өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөж байсан бол энэ удаад ийнхүү албан журам гарсан байна.Ингэснээр эрсдлийн бүлэгт багтаж буй ахмад настнууд болон архаг хууч өвчинтэй хүмүүс гэрээсээ гарах, дэлгүүр, эмийн сан орох, түүнчлэн нэн шаардлагатайгаас бусад тохиолдолд эмнэлгийн байгууллага руу очихыг хоригложээ.

 

Энд дуулгахад, ОХУ-д сүүлийн үед хоногт илрэх COVID-19-ийн тохиолдол 15-17 мянга даваад байсан бол ням гаригт энэ тоо дахин өсч, хоногт 18665 тохиолдол шинээр илэрсэн байна. Ингэснээр тус улсад нийт халдварын тохиолдол 1 636 781 болжээ. Үүнээс 1 225 673 эдгэрсэн бол 28 235 нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mongold yag iim baidald oruulmaar bna turiin undurluguudee
2020-11-02
нөгөө магтаад бсан вакцин нь где?
2020-11-02