COVID-19: Буриадад халдварын тохиолдол 12 мянгыг давлаа
2020-11-02

Буриадад коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж байна. Ердөө өнгөрсөн долоо хоногт буюу 10 дугаар сарын 29-ний өдөр нийт тохиолдлын тоо 11 мянгад хүрч байсан бол 11 дүгээр сарын хоёрны байдлаар нийт тохиолдол 12 мянгыг давжээ.

 

Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 11 дүгээр сарын хоёрны даваа гарагийн байдлаар Буриадад COVID-19-ийн тохиолдол 12 039 бүртгэгдсэн байна. Эдгээрээс 65 хувь нь буюу 7787 нь Улаан-Үд хотын оршин суугчид байгаа гэнэ. 

 

"Байкал Дейли" сайтын мэдээлснээр, өнгөрсөн хоногт 236 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд өвчлөл хурдацтай нэмэгдэж, 12 өдөр дараалан хоногт 200-аас дээш тохиолдол илэрч байгаа нь энэ юм байна.

 

Шинээр илэрсэн 236 хүнээс 183 нь улирлын томуугийн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсаны дараа коронавирусийн халдвар авсан нь оношлогджээ. Тэд олон нийтийн газар, нийтийн тээврээр амны хаалтгүй үйлчлүүлсэн, түүнчлэн ариутгагч ашиглаагүй зэргээс болж халдвар авсан гэж мэдүүлсэн бол бусад хүмүүс өмнө нь халдвар илэрсэн өвчтөнүүдийн голомтоос буюу ойрын хавьтагчид байсан гэнэ.

 

Цар тахал дэгдсэнээс хойш Буриадад коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 8055 буюу эдгэрэлт 67 хувьтай байгаа аж. Харин хоногт дахин есөн өвчтөн нас барснаар цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 191 болжээ.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин