ВИДЕО: “ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой, үргэлжлүүлэн судална”
2020-11-02

 

 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Энэ онд  төрийн гурван өндөрлөгт айлчлал байгаа юу?

 

-Коронавирус цар тахлын улмаас энэ онд ямар нэгэн айлчлал байхгүй. Ирэх оны төлөвлөгөөнд айлчлалын тов гаргасан. Айлчлалын төлөвлөгөөнд өндөр дээд түвшний айлчлалыг төлөвлөдөг.  Өндөр дээд түвшний айлчлал нууцын зэрэгтэй байдаг. Тийм учраас айлчлалыг нээлттэй хэлэх боломжгүй.

 

-Өнгөрсөн Засгийн газрын үед АНУ-ын конгресст гуравдагч хөршийн худалдааны хуулийг өргөн барьсан. Гэхдээ одоог хүртэл шийдэгдээгүй байна. Энэ асуудалд гадаад харилцааны яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 

-Монгол АНУ хоёр орны харилцаа стратегийн түвшинд өргөжин хөгжиж байгаа. АНУ-тай манай улсын хийж байгаа худалдааны хэмжээ 2019 оны дүнгээр нэмэгдэж байгаа. АНУ-аас манай улсад 1991 оноос өнөөдрийг хүртэл 240 гаруй сая долларын тусламж үзүүлсэн. Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төсөл  яригдаж байна. 2021 оноос төслийн ажил эрчимтэй явагдах байх.

 

Гуравдагч хөршийн худалдааны гэрээ байгуулах ажил хурдтай явагдаж байгаа гэж үзэж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга манай улсад айлчлах үеэр энэ асуудал нааштай яригдахаар орсон байсан.

 

-2010 онд ГХЯ дээр цөмийн түлшний хаягдлыг манай улсад булшлах тухай гэрээ хэлцэл хийгдсэн гэсэн мэдээлэл Японы хэвлэлээр цацагдаж байсан. Энэ чиглэлд гэрээ хэлцэл хийгдсэн үү?

 

-Цөмийн хаягдлыг булшлах чиглэлээр Япон улсын Засгийн газартай байгуулсан ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй. Цаашид ч энэ чиглэлийн гэрээ хэлэлцээрийг Япон болон өөр бусад цөмийн зэвсэгтэй орнуудтай байгуулахгүй. Цөмийн статусгүй болох асуудлыг манай улсын санаачилгаар НҮБ-ын түвшинд тогтоолоор баталдаг. Энэхүү тогтоол хоёр жил тутам батлагдаж байдаг. Энэ тогтоол үргэлжлэн 11 дахь удаагаа батлагдаж байгаа. Цаашид энэ тогтоолыг үргэлжлүүлэн батлуулах чиглэлээр ГХЯ, НҮБ-д сууж байгаа байнгын төлөөлөгч идэвхтэй ажилладаг. Энэхүү тогтоолыг үргэлжлүүлэн батлуулах ажлыг НҮБ-ын гишүүд, дэлхийн томоохон гүрнүүд дэмжиж ирсэн.

 

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ-ын сайд нартай уулзах үеэр Монгол Улсыг ШХАБ-д элсэх асуудлаар шахалт үзүүлсэн гэсэн мэдээлэл байна?

 

 

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах үеэрээ манай улсыг ШХАБ-д  элсэхийг санал болгосон. Мөн ОХУ-д айлчлал хийх үеэр  ШХАБ-д элсэх асуудлыг хөндсөн. 2004 оноос  манай улс ажиглагчийн статустай явж ирсэн. Сүүлд 2018 оны зургадугаар сард БНХАУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой, үргэлжлүүлэн судална гэсэн байр суурийг илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар энэ байр суурь хэвээр байгаа. Бидний гадаад бодлогод БНХАУ, ОХУ-аас шууд нөлөөлөх асуудал байхгүй. Нөгөөтэйгүүр манай улс ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны түвшинд өндөр итгэлцлийн түвшинд харилцаж байгаа. Тиймээс аливаа хоёр талын харилцааг аль нэгэн олон улсын байгууллагад элссэнээр биш, стратегийн түвшинд үргэлжлүүлэн сайн явуулах бүрэн боломжтой гэсэн байр сууриа айлчлалын үеэр илэрхийлсэн.

 

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчлах үеэр Монгол Хятад хоёр улс нэгнийхээ дотоод хэргийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүний цаана өвөр монголчууд монгол бичгийнхээ төлөө тэмцэж байгаатай холбоотой монгол улсын эх хэлний асуудал хөндөгдөх үү? Үүнд манай улсын Засгийн газар байр сууриа илэрхийлэхгүй юм байна гэдэг ойлголт өгч байсан?

 

-НҮБ өөрийн гэсэн дотоод дүрэм журамтай. НҮБ-ын гишүүн орон бүр энэ дүрмийг мөрдөж ажиллах ёстой. Энэ дүрэмд аливаа нэг орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн заалт бий. Засгийн газар,  ГХЯ өөрийн гэсэн тодорхой бодлоготой. Ван И сайдын манай улсад хийсэн айлчлалаар яригдах асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж чиг үүрэг авсан. Энэ хүрээнд уулзалт явагдсан. Стратегийн түншлэлтэй харилцаж байгаа хоёр орны хувьд биендээ итгэхгүй байх явдал байхгүй. Манай улсын баримталж байгаа нэг зарчим бол БНХАУ-ын баримталдаг нэг хятадын бодлогыг тууштай дэмжинэ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За тэр ШХАБ- д ороод өөдөлсөн нь харагдахгүйл бна бусад улсыгихарахад . Арай тэгж солиорохгүй байлгүй дээ . Манай мэдлэг боловсролгүй , улс төрийг холч ухаангүй , ерөнхийлөгчийг тархийг нь угааж бгаад өөрсдийн хүлээсэнд оруулах нь дээ. Яана даа.
2020-11-03
Зочин:
Хятадуудын шахалтаар энэ ШХАБ д орох гээд байга нь энэ сайдын үг баталж байна.Гутамшиг!!!Хүүк,Жанхуу нараа!!!
2020-11-02
Зочин:
"Монгол ялна' монголоо зарж дээ.
2020-11-02
Зочин:
За тэр ШХАБ- д ороод өөдөлсөн нь харагдахгүйл бна бусад улсыгихарахад . Арай тэгж солиорохгүй байлгүй дээ . Манай мэдлэг боловсролгүй , улс төрийг холч ухаангүй , ерөнхийлөгчийг тархийг нь угааж бгаад өөрсдийн хүлээсэнд оруулах нь дээ. Яана даа.
юу балайраад бна аа
2020-11-02
Үгүй шүү ШХАБ-д орохгүй:
Монгол элсэхгүй
2020-11-02