Турк: Газар хөдлөлтөөс 65 цагийн дараа бяцхан охиныг аварчээ
2020-11-02

Туркийн Измир хотод газар хөдлөснөөс хойш 65 цагийн дараа нуранги доороос гурван настай охиныг аварчээ. 

 

Элиф Перинчек нэртэй бяцхан охиныг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Үүнээс өмнө нурсан барилга доороос охины гурван ах болон ээжийг аварч чадсан бөгөөд 65 цагийн дараа охин эсэн мэнд олдсон нь гайхамшиг хэмээн гэр бүлийнхэн нь сэтгүүлчдэд ярьсан байна.

 

Газар хөдлөлтийн дараа найман орон сууцны нуранги дээр аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Аврагчид энэ хугацаанд 106 хүнийг эсэн мэнд гарган авчээ.

 

Өнгөрсөн баасан гарагт буюу 10 дугаар сарын 30-ны өдөр Туркийн Измир мужийн Сеферихисар хотоос холгүйхэн 6,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн голомт Эгейн тэнгист, 16,54 км гүнд байжээ. Газар хөдлөлтийн дараа 658 чичиргээ болсноос 40 орчим нь дөрвөөс дээш магнитудын хүчтэй байсан гэнэ. Газар хөдлөлтөөс үүссэн чичиргээ хөрш зэргэлдээх Грек улсад ч мэдрэгдсэн бөгөөд энэ улсад 20 хүн амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин