Австрид алан хядах ажиллагаа болж, Вена хотыг хамгаалалтад авав
2020-11-03

 

Австрийн нийслэл Вена хотод алан хядах ажиллагаа болж дэлхийг цочроов. Вена хотын төвд буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. Цагдаагийнхан томоохон тусгай ажиллагаа явуулж, иргэдийг олон нийтийн газраар явахгүй байхыг сануулсан байна. Үйл явдлын талаар ВВС, Вести агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэе. 

 

Хэргийн талаар 
 

11 дүгээр сарын хоёрны орон нутгийн цагаар 20.00 цаг орчимд Шведенплатц талбай дээр байх сүмийн орчимд буудалцаан болжээ. Сүмээс холгүйхэн зургаан цэгт винтовтой гэмт этгээдүүд байсан гэж цагдаагийнхан баталсан бөгөөд халдлага үйлдсэн нэг этгээдийг устгасан, мөн буудалцааны улмаас хэд хэдэн хүн шархдсаны дотор цагдаагийн нэг алба хаагч ч багтаж байгаа гэнэ.

 

Австрийн канцлер Себастьян Курц энэ явдлыг "алан хядах ажиллагаа" хэмээн нэрлэсэн бөгөөд алан хядах ажиллагаанд цагдаагийнхан анхаарлаа төвлөрүүлэхийн тулд нийслэлийн зарим объектыг цэргийнхэн хамгаалалтад авна хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.

 

Сүүлийн жилүүдэд Австри улсад гарсан хамгийн ноцтой алан хядах ажиллагаануудын нэг болсон энэхүү халдлага нь улс орон даяар хөл хорио тогтоохын өмнөхөн болсон байна. Өнөөдөр буюу 11 дүгээр сарын гуравны өдрөөс эхлэн энэ улсад бар, зоогийн газрууд хаагдаж, 20.00-06.00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоож байгаа юм. 

 

Армийн тусгай ажиллагаа 

 

Даваа гарагт болсон хэргийг тус улсын Дотоод хэргийн сайд Карл Нехаммер "террорист халдлага" хэмээн нэрлээд, халдлага үйлдсэн нэг этгээд алагдсан, өөр нэг хүн зугатсан гэж мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр халдлага үйлдсэн хүмүүс олуулаа байсан гэнэ.

 

"Халдлага үйлдсэн хүмүүс олуулаа байсан гэж бид таамаглаж байна. Харамсалтай нь хэд хэдэн хүн шархадлаа, амиа ч алдлаа" хэмээн Дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Вена хотын эмнэлгүүдэд шархадсан 15 хүнийг хүргэснээс долоон хүний биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ.

 

Австрийн канцлерын мэдэгдэж байсанчлан, халдлага үйлдсэний дараагаас л цэргийнхэн тусгай ажиллагаа эхлүүлж, хотын объектуудыг хамгаалалтдаа авч эхэлсэн байна. Хотын дээгүүр нисдэг тэргээр эргүүл хийж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөн, аюулын талаар сэрэмжлүүлж байгаа аж. Мөн тусгай ажиллагааны үеэр Австрийн цагдаагийнхан Вена хотын төв Грабен талбай дээрээс дөрвөн алан хядагчийг баривчилсан талаар E24.TV мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, алан хядах ажиллагаанд оролцсон байж болзошгүй өөр гурван этгээдийг цагдаа болон цэргийн алба хаагчид эрэн сурвалжилж байгаа гэнэ. Мөн оршин суугчдад хандан тусгай албадын ажиллагааны талаарх гэрэл зураг, дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тараахгүй байхыг хүсчээ.

 

Европын өөр нэг улс болох Францад аймшигт алан хядах ажиллагаа болсны дараа Австрид ийнхүү халдлага болсон нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. 

 

Өнгөрсөн долоо хоногт Францын Ницца хотод хутгаар зэвсэглэсэн этгээд сүмд мөргөл үйлдэхээр ирсэн гурван хүнийг хөнөөсний дараа тус улсын эрх баригчид улс орон даяар аюулгүй байдлын дээд түвшнийг зарласан. Энэ халдлагын дараа Ерөнхийлөгч Макрон мэдэгдэл хийхдээ "манай үнэт зүйл, эрх чөлөө, манай газар нутаг дээр шашин шүтэх эрх чөлөөнд халдсан үйлдэл" гээд алан хядагчдад бууж өгөхгүй хэмээн мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин