COVID-19: Буриадад халдвар, нас баралт эрчимтэй нэмэгдэж байна
2020-11-03

Манай улстай хил залгаа Буриадад коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсээр байна. 

 

Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 11 дүгээр сарын гуравны өглөөний байдлаар COVID-19 халдварын нийт тохиолдол 12 276 болсон бөгөөд 65 хувь нь Улаан-Үд хотын оршин суугчид байгаа гэнэ. 

 

Сүүлийн нэг хоногт 237 хүнээс коронавирусийн халдвар илрүүлсэн байна. Хоёр хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын нэгний өдөр хоногт бүртгэгдсэн хамгийн дээд үзүүлэлт гарч байсан бол энэ үзүүлэлт өнөөдөр дахин давтагджээ. Буриадад өвчлөлийн дэгдэлт эрс өссөн хэвээр байгаа бөгөөд 13 өдөр дараалан хоногт 200-аас дээш халдвар бүртгэгдэж байгаа юм. 

 

Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, цар тахал эхэлснээс хойш 8160 хүн буюу 66 хувь нь эдгэрчээ. Сүүлийн нэг хоногт 105 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Харин хоногт есөн хүн нас барснаар коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 200-д хүрчээ.

 

Өнөөдрийн байдлаар Буриадын эмнэлгүүдэд коронавирусийн халдвартай 2132 өвчтөн эмчлүүлж байгаагаас 36 нь хүүхэд байгаа бол 82 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм байна. Түүнчлэн амбулаториор 1784 өвчтөн эмчлүүлж, 8802 хүн ажиглалтад байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин