Карабах: Уулын Карабахын армийн орлогч командлагч амь үрэгджээ
2020-11-03

Карабахын сөргөлдөөний бүсэд Азербайжаны цэргүүдтэй тулалдан амь үрэгдсэн 11 цэргийн алба хаагчийн нэрсийн жагсаалтыг хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Батлан хамгаалахын яамны хэвлэлийн алба даваа гарагт нийтэлжээ. 

 

Энэ жагсаалтад  хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Батлан хамгаалахын армийн орлогч командлагч  хурандаа Артур Саркисян болон командлагчдын нэг, хурандаа Сергей Шакарян нарын нэрс багтсан талаар Интерфакс дамжуулсан байна. Гэхдээ тэд хаана, хэрхэн амь үрэгдсэн талаарх мэдээллийг Уулын Карабах өгөөгүй аж.

 

Ийнхүү даваа гарагт жагсаалт нэмэгдсэнээр, есдүгээр сарын 27-нд сөргөлдөөн эхэлснээс хойш Карабахын армийн 1177 цэргийн алба хаагч амь үрэгджээ.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын 27-ны өдөр  Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Жалал Арутюнян шархадсан талаарх мэдээлэл гарч байлаа. Тухайн үед Азербайжаны тал Арутюняныг амиа алдсан хэмээн батлаж, түүний машин руу дроноор халдаж байгаа бичлэгийг нийтлэж байв. Харин Бүгд Найрамдах Уулын Карабах Улс энэ мэдээллийг няцаан, Батлан хамгаалахын сайд хөнгөн шархадсан, удахгүй ажилдаа орно гэж мэдэгдэж байлаа. Гэвч үүний дараахан Арменийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч дэслэгч генерал Арутюняны биеийн байдал хүнд байгааг хүлээн зөвшөөрсөн. Мөн Карабахын Батлан хамгаалахын сайд бөгөөд Армийн командлагчаар дэслэгч генерал Микаел Арзуманян томилогдсон юм.

 

Карабахын хямрал

Армени, Азербайжан ихэвчлэн арменичууд амьдардаг Карабахын нутаг дэвсгэрийн харьяаллаас болж 1988 оноос хойш сөргөлдөж байгаа юм. Тухайн үед Уулын Карабах Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч байгаагаа зарласан. Зэвсэгт сөргөлдөөний явцад  Азербайжан Карабах болон өөр долоон бүс нутгийн хяналтаа алдсан юм.

 

Ээлжит сөргөлдөөн энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр эхэлсэн бөгөөд гурвантаа гал зогсоох тохиролцоо хийсэн ч талууд энэ горимыг мөрдөлгүй үргэлжлүүлэн дайтсаар байна.

Shuud.mn
Сонин хачин