АНУ-ын сонгууль: Байден уу, Трамп уу?
2020-11-04

АНУ-д бүх нийтийн сонгууль болж, америкчууд төрийн тэргүүнээ сонгож байна. Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Бүгд Найрамдах Намаас өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан Намаас Жозеф Байден нар өрсөлдөж байгаа юм.

 

АНУ-д Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна. Түүнчлэн энэ удаагийн бүх нийтийн сонгуулиар 35 сенатч, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, муж болон нутаг дэвсгэрийн 13 захирагч болон орон нутгийн эрх барих байгууллагуудыг сонгох юм. Сонгуулийн дүн урьдчилсан байдлаар хэрхэн гарч байгаа талаар ТАСС, ВВС, CNN агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. 

 

Дональд Трамп Кентукки мужид ялалт байгуулжээ. Энэ мужид 2000 оноос хойш тогтмол бүгд найрамдахчууд ялалт байгуулсаар ирсэн аж. Түүнчлэн Индиана муж ч энэ намынхныг дэмждэг бөгөөд тиймдээ ч Трамп Индиана мужид ялсан талаар CNN мэдээллээ. Мөн Флорида мужид саналын зургаан хувийг тоолсон дүнгээр Трамп тэргүүлж байгаа аж. 

 

Харин Вермонт мужид Трамп болон Байден нар тэнцүү өрсөлдөж байгаа бөгөөд энэ мужид 1992 оноос эхлэн ардчилсан намынхан ялалт байгуулсаар иржээ. 

 

Индиана болон Кентукки мужуудад санал хураалт дууссан байна. Энэ хоёр мужид орон нутгийн цагаар 18:00 цагт саналын хэсгүүд хаагдсан бөгөөд энэ нь Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын дөрөвний өдрийн 07:00 цагт тохиож байгаа юм.

 

Аюулгүй байдлыг хангасан сонгууль 

Манхэттенд ихэнх дэлгүүрийн хаалга, цонхыг модон, хуванцар хаалтуудаар хаажээ. Энэ нь сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал гарч болзошгүй гэж сэргийлсний үндсэн дээр хийгдсэн ажил аж.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ удаад сонгуульд оролцох эмэгтэйчүүдийн идэвх нэн өндөр байсан гэнэ. CNN агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн бүх нийтийн сонгуульд оролцсон иргэдийн 53 хувь эмэгтэйчүүд байжээ. 

 

Саналаа өгсөн хүмүүсийн дунд 65 хувь нь цагаан арьстнууд, 13 хувь нь испани хэлтнүүд, 12 хувь нь өнгөт арьстнууд, 6 хувь нь Азийн орнуудаас гаралтай хүмүүс байсан бол 4 хувь нь бусад бүс нутгаас гаралтай хүмүүс байсан гэнэ. Харин 2016 оны сонгуульд саналаа өгсөн цагаан арьстнуудын хувь өндөр, 71 хувь байжээ.

 

 Байден гол мужуудад илүүрхэв
 

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден Техас мужид саналын тоогоор илүүрхэж байгаа талаар Фокс Ньюс агентлаг мэдээллээ.

Техас муж ихэвчлэн бүгд найрамдахчуудыг дэмждэг, ардчилсан намынхны байр суурь энд сул байдаг ч энэ удаагийн сонгуулиар Байдены төлөө сонгогчдын 50,2 хувь нь саналаа өгсөн байна. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн өнөөгийн Ерөнхийлөгч Трампыг сонгогчдын 48,5 хувь нь дэмжжээ.

 

Түүнчлэн Байден гол муж болох Пенсильванид тэргүүлж байгаа гэнэ. CNN агентлагийн мэдээлснээр энэ мужид Жо Байдены төлөө иргэдийн 79,7 хувь нь саналаа өгсөн бол Трампыг 19,5 хувь нь дэмжжээ. Энэ муж "хөвөгч муж"-д тооцогддог бөгөөд эндэхийн санал хураалтын дүн сонгуульд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх магадлалтай байдаг аж.

 

Сонгогчид "хүчтэй удирдагч"-ийг хүсэж байна 

 

АНУ-ын бүх нийтийн сонгуульд саналаа өгсөн хүмүүс "хүчтэй удирдагч" гэж нэрлэж болохуйц улс төрч АНУ-ыг удирдана хэмээн үзэж байгаа гэнэ. Энэ талаар Америкийн сонгуулийн санал авах хэсгүүд дээр хийсэн санал асуулга харуулж байна гэж CNN мэдээлжээ. 

 

Ерөнхийлөгчийн хувьд ямар зан чанар илүү чухал болох талаарх асуултад 32 хувь нь "хүчтэй удирдагч" байх ёстой гэж хариулжээ. Харин 24 хувь нь төрийн тэргүүн хүн нэн тэргүүнд "эрүүл саруулаар сэтгэдэг" байх ёстой гэж үзсэн бол 21 хувь нь Ерөнхийлөгч энгийн иргэдэд санаа тавьдаг байх ёстой гэж үзсэн бол 19 хувь нь АНУ-ын тэргүүн "улс орныг нэгтгэж чаддаг байх ёстой" гэж үзжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин