Б.Нямаа: Угаартчихна, шахмал түлш түлэхгүй...
2020-11-04

 

Зорилтот бүлгийн 10 мянган хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг үе шаттайгаар тарааж байгаа гэж Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын агаар, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэг мэдээлсэн.  Агаарын чанарыг сайжруулах хорооноос нийслэл хотын утааг 80 хувь хүртэл бууруулах төлөвлөгөө гарган өнгөрсөн жилээс сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Таван толгой түлш” ХХК-ийн хамт олонтой уулзах уулзалтдаа олзуурхаж байв. Гэвч иргэд өнгөрсөн жилээс илүү нүдэнд торох утаатай байна гэх. 

 

-Баянзүрх дүүргийн иргэн Э.Ану: "Өнгөрсөн жил хичээлдээ явахад  нүдэнд торох утаагүй байсан. Харин энэ жил хүйтрээгүй байхад урдах зам сааралтаад байна. Гэр хорооллынхон нүүрс түлээд байгаа юм болов уу, мэдэхгүй".

 

Баянгол дүүргийн иргэн Б.Нямаа: “Сайжруулсан шахмал түлш авдаг картаа алга болгоод олон хонож байна.  Манайх галлахдаа мод л түлдэг. Агаарын чанарын газраас өнгөрсөн сард угаар мэдрэгч өгсөн. Гэхдээ энэ манайд хэрэггүй. Учир нь манайх шахмал түлш түлдэггүй юм. Ээж маань сайжруулсан шахмал түлш түлье, даарч байна гэхээр “Угаартаж үхэх гээ юу” гэдэг. Сүүлдээ ч би угаартчихна, шахмал түлш түлэхгүй гэх болсон. Өнгөрсөн жилээс хойш манайх дандаа мод л түлж байгаа. Шуудай модны үнэ 3500 төгрөг. Хөршийнхөн картаа өгчих түлш долоо хоногт хүрэлцэхгүй байна, танайх түлдэггүй юм чинь гэж байсан. Хаанаас яаж захиалахыг нь мэдэхгүй” гэлээ. 

 

Шахмал түлшний борлуулалтын цэг, энэ жилийн нөөц, карт захиалгын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Г.Даваабаатараас тодрууллаа. 

 

-Одоогийн байдлаар түлш борлуулах хэчнээн цэгүүд байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар 483 цэг өдөр тутамд түлш захиалан авч байна. Түлш борлуулах цэгүүдтэй гэрээ хийж тухайн цэгүүдэд түгээсний дараа иргэд картаараа түлшээ авдаг.  Өнгөрсөн жилийнхээс түлш борлуулах цэгийн тоог одоогийн байдлаар хоёр нугалчихсан. 

 

-Өнгөрсөн жил түлш хомстож, тасалдах тохиолдол гарсан. Энэ жил хэчнээн тонн түлшийг нөөцөлж байгаа вэ?

 

-Одоогийн байдлаар 70 мянган тонн түлшийг нөөцөлсөн. Агуулах байргүй учраас түрээсийн агуулахад хадгалдаг. Агуулах газартай бол үүнээс илүүг нөөцлөх боломжтой. Өнгөрсөн жил 50 мянга орчим тонн шахмал түлшийг нөөцөлсөн. Бидний өвлийн бэлтгэл буюу түлш нөөцлөх ажил үргэлжилсээр байгаа.

 

-“Сайн” картаа дахин захиалах бол хаанаас хэдэн төгрөгөөр авах вэ?

 

-“Сайн” картыг тухайн харьяа дүүргийнхээ иргэдэд үйлчлэх төвөөс 3000 төгрөгөөр захиалан өдөртөө авна. Анхлан захиалагчдад үнэ төлбөргүй өгдөг. 

 

-Зорилтот бүлгийнхэнд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй тараах ажил хэзээ дуусах вэ?

 

-Энэ сард дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ер нь хүйтэн орохоос өмнө л айлуудаа галлах түлшээр нь хангана гэсэн зорилготой. Дүүргийн халамжаас ирсэн тооллогын дагуу зорилтот бүлгийн 10 мянган хэрэглэгчдэд сайжруулсан шахмал түлшийг тараасаар байна.

 

-Түлш савлан түгээх хангамжийн бааз хэчнээн ажиллаж байна вэ?

 

-Хангамжийн 30 бааз өдөр тутамд савлагаагаа хийн ажиллаж байна. Үйлдвэрийн хашаанд багтахгүй учраас бааз дээр авчран савладаг юм. Өвлийн хүйтний ачаалал ихсээгүй байгаа энэ үед хангамжийн баазаас өдөрт 1500-1800 тонн түлш борлуулалтын цэгт хүрч байгаа. 

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин