ВИДЕО: Шинэ жилийг тэмдэглэхгүй, сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийх үед Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
-Баян-Өлгий аймагт нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Баян-Өлгий аймагт коронавирус илэрсэн тохиолдол байхгүй. Баян-Өлгийд хил хаасан, халдварын шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй. Тандалтаар шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.
-ХБНГУ-д МИАТ компанийн ажилчид коронавирусийн халдвар авсан уу?
-ХБНГУ-д МИАТ компанийн төлөөлөгчид коронавирусийн халдвар авсан. ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдож зөвлөмж зөвлөгөө авч, эмчилгээ хийгдэж байгаа. Тухайн иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, гэрийн тусгаарлалтад байгаа. Нийт дөрвөн хүн бий.
-ХӨСҮТ-д коронавирусийн халдварын улмаас иргэн нас барсан уу?
-ХӨСҮТ-д өнгөрсөн шөнө 61 настай эмэгтэй нас барсан. Тухайн иргэн нь элэгний хорт хавдартай байсан. Коронавирусийн халдвартай байгаагүй. Нас баралтын шалтгаан нь коронавирусийн халдвартай холбоогүй.
Шадар сайд Я.Содбаатар:
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан иргэн оргосон уу?
-Сэлэнгэ аймгийн тусгаарлалтад байсан иргэн “П” энэ сарын 02-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн тусгаарлалтаас оргосон. Тухайн иргэн тусгаарлагдаад 19 хонож байсан. Тухайн иргэн ОХУ-ын талаас Монголын хил рүү хил зөрчиж ОХУ-ын талд баригдсан. Хилийн солилцоогоор манай талд хүлээлгэж өгсөн иргэн байгаа. Сэлэнгэ аймгийн төвөөс 19 км зайд Хараагийн гол гэдэг газраас барьж, тусгаарлалтад оруулсан. Тусгаарлагдаж байх хугацаандаа өгч байсан шинжилгээнүүд нь бүгд сөрөг гарч байсан.
Баян-Өлгий аймагт хийсэн тандалтын шинжилгээнд нэг хүнд коронавирусийн эсрэг бие илэрсэн. Тухайн иргэн нь зургадугаар сарын 11-нд гаднаас ирж ХӨСҮТ-д тусгаарлагдаж эмчилгээ хийлгэж гарсан хүнээс эсрэг бие илэрсэн тохиолдол гарсан.
-Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх нь эдийн засагт сөргөөс нөлөөлөхгүй гэж үү?
-Коронавирус цар тахлын энэ үед олон амаргүй шийдвэр гаргаж байгаагийн нэг нь энэ. Учир нь Засгийн газар иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж байгаа. Эдийн засаг санхүүгийн асуудал улс орны төсөв мөнгөнд хүндрэл бий болгож байгаа. Тиймээс бид наймдугаар сарын 01-нээс дотоодын худалдаа үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээг хэвийн хэрэгжүүлэх чиглэлээр УОК-оос тодорхой шийдвэр гаргаж ажиллаж байна.
Манай улс дотооддоо халдвар алдаагүй учраас хориглосон худалдаа үйлдвэрлэлийн газар. Гэхдээ эрсдэлийг тооцож шийдвэр гаргаж байна. Үйлчилгээний салбарт хүнд тусаж байгаа. Гэхдээ 3,2 сая иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж үзэх ёстой гэж бодож байгаа. Иргэд гэр бүлийн түвшинд тэмдэглэх нь нээлттэй. Зөвхөн нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээг хориглохоос өөр аргагүй байна.
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн:
-Сурагчдын амралт хэднээс эхлэх вэ?
-2020-2021оны хичээлийн шинэ жилийн эхний улирлын хичээлээ тогтоосон цагт нь дуусгахаар Засгийн газарт танилцууллаа. Арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 01 хүртэл амарна. Коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд цахим, теле хичээлийн бэлтгэлээ хангасан байгаа. Боловсролын мэдээллийн системээр өдөр бүр сурагчдын ирцийн мэдээлэл авч ажиллаж байна. ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг үйл ажиллагааг явуулж байна. Өвлийн амралтын хугацаанд эцэг эхчүүдэд зөвлөмж гаргаж өгнө.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ