АНУ-ын сонгууль: Байден ялахад 6 санал дутуу байна
2020-11-05


АНУ-д 11 дүгээр сарын гурван, Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын дөрөвний өдөр бүх нийтийн сонгууль болж өнгөрсөн. Төрийн тэргүүний суудлын төлөө өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд Найрамдах Намаас, харин Жозеф Байден Ардчилсан намаас тус тус өрсөлдсөн юм. 

 

Түүнчлэн энэ сонгуулиар 35 сенатч, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, 13 муж, нутаг дэвсгэрийн захирагч болон орон нутгийн эрх баригчдыг сонгосон. Санал тоолох ажиллагаа үргэлжилсээр байна.

 

CNN агентлагийн сүүлийн үеийн мэдээллээр Жо Байден төлөөлөн сонгогчийн 264 санал, Трамп 214 санал авсан байх төлөвтэй байна. Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд ялахын тулд нэр дэвшигч төлөөлөн сонгогчийн 270 саналыг авах ёстой юм. 

 

Санал тоолох ажиллагаа явагдаж байгаа энэ үед Бүгд Найрамдах намын зүгээс гомдол тасрахгүй байна. Тухайлбал тус намаас нэр дэвшсэн Дональд Трампын сонгуулийн штаб Жоржия мужид санал тоолох ажиллагааг зогсоохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Түүнчлэн Пенсильвани мужийн санал тоолох ажиллагааг ч зогсоох хүсэлтэй байгаа бөгөөд харин үүнийг тус мужийн эрх баригчид эрс эсэргүүцэж байгаа талаар Фокс Ньюс агентлаг мэдээлсэн байна.

 

Ийнхүү санал тоолох ажиллагааг зогсоохыг шаардсан нь сонгуулийг луйвардсан гэж Трамп үзсэнтэй холбоотой юм. Бүх нийтийн сонгуулийн үеэр зөрчил, луйвар гарсан гэж Трамп өчигдөр шөнө мэдэгдсэн. Харин үүнийг батлах нотолгоо баримт байхгүй гэж Техас мужийн "A&M" их сургуулийн улс төр судлаач профессор Жорж Эдвардс мэдэгджээ. 

 

"Сонгуулийн асуудлаар Дээд шүүхэд хандана гэсэн Трампын сүрдүүлэг нь анхаарал татаж, өөр тийш хандуулах гэснээс өөр зүйлгүй. Тэр өөрийнхөө юу ярьж байгааг ч ойлгохгүй байна. Сонгууль луйвардсан талаарх ямар ч нотолгоо байхгүй. Ерөнхийлөгч сонгуулийг луйвардсан гэсэн нь худал, өнгөц дүгнэлт" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Дональд Трамп АНУ-ын Сонгуультай холбоотойгоор Дээд шүүхэд хандана гэсэн нь ямар ч үндэслэлгүй гэж Стэнфордын их сургуулийн профессор Моррис Фиорин ч мөн мэдэгджээ. 

Ялагч хэзээ тодрох вэ?

15 төлөөлөн сонгогчийн саналтай Хойд Каролина мужийн сонгуулийн санал хураалтын дүн найм хоногоос нааш гарахгүй гэнэ. Энэ талаар мужийн сонгуулийн комиссийн төлөөлөгчдөөс авсан эх сурвалжтайгаар NBC агентлаг мэдээлжээ.

 

Энэ зуур Байден шаардлагатай 270 саналыг авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бол өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө ялагч хэмээн зарлаад байгаа юм.

АНУ-ын сонгуулийн тухай

 

АНУ-ын сонгууль нь электорат буюу төлөөлөн сонгогчийн санал, Хоёрдугаарт: Ард түмний санал гэсэн хэлбэрээр явагддаг. 

 

Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нь 50 мужид болох бөгөөд гол өрсөлдөгч хоёр намын аль нэгийг байнга сонгодог мужууд бий. Тухайлбал, Калифорни муж Ардчилсан намыг байнга сонгодог бөгөөд ийм мужуудыг "цэнхэр муж" хэмээн нэрлэх бол Бүгд Найрамдах Намыг сонгодог мужуудыг "улаан" хэмээнэ. 

 

Ерөнхийлөгчийн сонгуулиудад Бүгд Найрамдах Нам болон Ардчилсан намын аль алинд нь саналаа өгсөөр ирсэн, аль нэг намыг тухайлан тогтвортой дэмждэггүй 16 муж байх бөгөөд эдгээрийг  “хөвөгч мужууд” хэмээн нэрлэдэг. Эдгээр хөвөгч мужуудад хоёр намын нэр дэвшигчийн аль их санал авсан нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоор иржээ. Тиймдээ ч сонгуулиар ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн гол сурталчилгаа, өрсөлдөөн эдгээр мужийн сонгогчид руу чиглэн, хөвөгч  мужуудыг “тулалдааны талбар” гэж нэрлэдэг.

 

Мөн нэр дэвшигчид доод тал нь 270 төлөөлөн сонгогчийн санал авах ёстой. Өөрөөр хэлбэл АНУ-ын ард түмэн Ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй, харин муж бүрт хувь тэнцүүлэн олгосон “electoral college” буюу “төлөөлөн сонгогчид” Ерөнхийлөгчийг сонгоно. Нийт 538 төлөөлөгчийн 270-ынх нь саналыг авсан тохиолдолд ялалт байгуулах юм. 

 

АНУ-ын муж тус бүрт Конгрессийн дээд, доод танхимд эзлэх гишүүдийн тоотой нь тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчид хувь тэнцүүлэн ноогдох бөгөөд өөрөөр хэлбэл муж бүр парламентынхаа дээд, доод танхимд сонгодог төлөөлөгчдийн тоотой тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчидтой гэсэн үг. АНУ-ын Ерөнхийлөгчийг эдгээр 538 “төлөөлөн сонгогч” шийдвэрлэх бөгөөд иргэд нь аль нэр дэвшигчээ сонгох “төлөөлөн сонгогч"-ийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр нэр дэвшигчээ дугуйлан сонгох замаар сонгоно. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин