АВТОБУС №50: Камер, микрофоны ард...
2020-11-06

Ах дүүгээ мэддэг арваннэгдүгээр сарын мэндийг хүргэе. Идэшээ базаах, эхнэртээ шуба, ээждээ годон авах өнтэй бодлын тэнд дараатай л явна уу. Дээр нь нэмээд машиныхаа дугуйг, масло, тосолтойгоо сольчиход алзахгүй дээ. Ингээд адал явдал дүүрэн автобусны тэмдэглэлээ эхлүүлье. Баасан гараг бүрт болзоотой ч сар алга болсондоо хүлцэл өчье. Өмнөговийн Ханбогд, Цогтцэций хүрээд эргэсэн аян замын “тоостой” тэмдэглэлээ сэгсэрье.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Манайхан”

 

Хэвлэлийнхэн үргэлж л цаг нарт шахагдаж, сэдэв санаанд шатаж явдаг хүмүүс. Хаа нэг их ажлаас түр амсхийхээр албаар шахуу томилолт өвөртлөөд хөдөөг зорих сайхан. Гэсэн ч өнөөх л асуудлаа “хөөсөөр” явах нь мэдээж. Энэ удаагийн томилолтод Ийгл, С1, МҮОНТ, Үндэсний радио, Өдрийн сонин, Өглөөний сонин, Үнэн сонин, News.mn, Gogo.mn сайтын сэтгүүлчтэй дөрөө харшуулав. Зам нийлсэн нөхдөө тодорхойлбол:

 

С1 телевиз: Сэтгүүлч, зураглаач хоёул алиа хошин, аян замын уртад уйдаахгүй яриа хөөрөө дүүрэн, нөхөрсөг залуус. Хол, ойрын болоод хил давсан олон томилолтод тэд хамтдаа явсаар хэн хэнээ тун сайн мэддэг, мэдрэмж нийлдэг хоёр аж.  Хөгжилтэй, хөнгөн, дэврүүн хүмүүс.

 

Ийгл телевиз: Нүүр нүдгүй цасан шуурганаар хөтлөлт хийгээд хөлдөх шахдаг бие жижиг сэтгүүлч бидэнтэй дөрөө нийллээ. Мөрөвчтэй зузаан өмдтэй. Өмднийхөө мөрөвчийг санаатай ч юм шиг, санаагүй ч юм шиг унжуулаад гараа халааслачих нь тун догь. Тийм нэг эршүүд хэр нь эвлэгхэн стилл, донж төрхтэй. Хоёр үүргэвчтэй цүнхтэй, хүүхдийнх шиг гэнэн инээмсэглэлтэй. Үргэлж үнэн харцтай. Нөхцөл байдлыг мэдрэгч.  Аливааг санаачилж, үргэлж түрүүнд нь байж чаддаг бүсгүй.

 

МҮОНТ: Инээгээд л байдаг. Тэр инээд нь тун чанга бүр нэг сэтгэлийн тэндээс байх нь гоё. Тайрмал үстэй. Өнөөх жижигхэн үсээ “түй” гэж шүлстээд хойшлуулж буйгаар хошигнож худал жүжиглэх нь авьяастай. Тэгээд дахиад л инээнэ. Дүрлэгэр нүдтэй. Дугараг царайтай. Амбиц, асар хүнд бодол. Биеэ барьж бодлоо нуух маяг ч үгүй. Ил цагаан, цэл залуу ийм нэгэн бүсгүй.

 

МҮОНР: Тэр бол төв. Ярихдаа ч хэлэхдээ ч, явахдаа ч, ирэхдээ ч, бичихдээ ч бодохдоо ч ерөөс бүхий л зүйлд төв. Радиогийнх биш гээд хэлчих вий гэсэн шиг хүнгэнэсэн хоолойтой. Хааяа л нэг инээнэ. Инээд нь хүртэл худал, үнэний тэг дундуур тийм нэг төв. Ягштал цаг барьдаг. Ярьсан ч ажлаас хэтэрдэггүй. Зөв шулуун, төв шударга. Нас, намбыг нь тохь, түшгийг нь хүндэлмээр.

 

News.mn: “Сайн уу, эгчийн дүү” гэх дулаахан үгийн үйлдвэрлэгч. Эрж, хайсан асуулт бүрт “Эгчид нь байгаа” гэж хариулдаг Жуужааг минь санагдуулам, буй бүхнээрээ “байдаг” эгч. Туршлага, мэдлэг гээд олон зүйлээр бидний үлгэрлэл ч “Залуучууд гоё байна” хэмээн хөөргөж эндээс энерги нөхөх дуртай хүнээрээ, сэтгэлээрээ бүсгүй.

 

Gogo.mn: Хэн нэгэн урьтаж яриа эхлэхгүй л бол түүнийг даруухан гэж тодорхойлоод үлдэнэ. Олон үггүй ч хаа нэг ёгхийтэл голыг нь олж хэлчихээд ёжтой инээх нь түүнийг яав ч даруухан биш гэдгийг илтгэнэ. Бодол санаа, зан төрх, аяг ааш аль нь ч элдэв маяггүй, энгийн, үнэн. Хэт драмлаг амьдралын хэнээнээс ангид зүгээр л  монгол ахуйтай бүсгүй.

 

Өдрийн сонин: Насны залуугийнх л байх. Энэ томилолтод хамт яваа Үнэн, Өглөөний сонины хоёроос тэр тэс ондоо. Хоёр ах ихэнхдээ чимээгүй, намуухан. Ам нээвэл сэдэв санаа, эрхлэгч, редакторын захиас, ийш тийш явсан томилолтын тухай нэхэн ярина. Харин Өдрийн сонины сэтгүүлч охин хайр дурлал, хүсэл, мөрөөдөл, догдлол мэдрэмжээ хуваалцана. Байж болох бүхий л инээдтэй сэдвийг бодолгүйгээр хамж яриад ханатлаа инээнэ. Хаа нэг цонх ширтчихээрээ хачин гүн харцтай. Өнөөх насны залуугийн гуниг үгүй мэдрэмжээ говийн замд гээчхэв үү гэлтэй гөлрөөд суучихна. Гэнэтхэн дуу орж хавиар нэг инээд түгээх тодорхойлж боломгүй бүсгүй. Мэдрэмж нь л түүний ганцаардах гунихыг нь шийдчихдэг байх. Сэтгэл хөдлөлөө нуудаггүй, нууж ч чаддаггүй тийм өөрийнхөөрөө, тийм зоргоороо мэдрэмжийг нь хайрламаар. Тэр лав энд бидэнтэй биш хаана ч юм өөр ертөнцөд амьдардаг байх.

 

Сэтгүүлчид гэж ямар хүмүүс байдаг бол гэж сонирхвол камер, микрофон, дуу хураагуурын ард энэ мэт хөөр ихтэй л хүмүүс бий. Бүгд өөр өөрийн араншин, алдар нэр, ажил амьдралтай ч асуудлын төлөө зүрхээрээ шархирч чаддагаараа адил.

 

“Нөхөрлөл ҮҮРД”

 

 

Үргэлжлүүлээд их хотын амьдралдаа шилжье. Уржигдар /2020.11.04/ Зүүнсалаа-Халдвартын автобусанд Багшийн дээдээс 20.00 цаг нэлээн өнгөрөөгөөд суулаа. Хамгийн урд талын суудалд дээр үеийн хүрээ хүүхнүүдийнх шиг дугуй цагаан малгай өмссөн нүдэнд дулаахан настан сууж явна. Барагцаалбал 60-65 орчим насных болов уу гэж таасан. 25 дугаар эмийн сан өнгөрч явтал эгчийн утас дугарч байна. Эрэгтэй хүнээс дуудлага ирэв.

 

-Сайн уу хө. Юу хийж байна даа. Өө би харьж л явна. Чи хоолоо хийж байгаа юм уу. Аан за...

 

-Хүүш тийм үү, тэгье л дээ. Ойрд тоглолт үзсэнгүй. Нэг сайхан тоглолт үзвэл үзмээр л байна шүү дээ. Хэзээ юм, хааана, Бөхийн өргөөнд, зургаанд уу. Өөр үзэх хүн байгаа юм уу.

 

-За байз яах вэ. Уг нь үзмээр байна. Амжих болов уу. Амжуулна даа. Цэвэрлэгээгээ гялалзуулчихаад л гараад ирье. Харин харихад автобус зогсчих юм болов уу, болно биз дээ. Хүүхдүүдэд хэлж байгаад гарвал гаръя л даа.

 

-Чи хажуудахаа дагуулж ирнэ биз дээ, хихихи. За танай хүн тэгээд юу хийдэг юм бэ дээ. Сургуулийн жижүүр үү. Аан болж л байна даа. За чи тэгээд хөөцөлдөж байгаад өөрийн болгоод аваарай даа, хихихи. Одоо нэг хүнтэй болсон нь дээр. Сайн айлын хүргэн болчихвол шагнана аа найзыгаа. За тэгвэл эртхэн билетээ захиалъя даа, тийм ээ.

 

 

Эгч, автобус Хархорингийн буудал дээр ирэхэд утсаа салгаж дахин өөр дуудлага эхлүүлэв.

 

-За юу байна даа. За яршиг аа, юунд зэвүү чинь хүрээ вэ, өө цаадах чинь бас уучихсан уу. Алив би нэг яриадхъя.

 

-Байна уу, хөөш чи яагаад уугаад хөгшнийгөө уурлуулаад байгаа юм бэ. Юу хэн гэж, чамайг уучихсан байна гэж байна. Битгий уугаад бай чи. Заза, Долгорт утсаа өгөөдөх.

 

-Байна уу. Аан хүүш хөгшөөн зургаанд тоглолт үзэх үү. Би танайхаар ороод гарах уу. Очиж байгаад яръя. За тэгвэл би ингээд буулаа.

 

Ингээд манай “шоу менежер” эгч Драгон дээр бууж одлоо. Залуусын “Орой яах юм бэ” гэдэг асуулт нас ахихаар “Тоглолт үзэх үү” болж хувирдаг бололтой. Юун өнөө сандал, суудалны хэрүүл хийдэг хоёр өвөө. Хөгширсөн гэж  хойш суулгүй “Гарвал гаръя” гэх эгчийн энэ үгний цог зальтайг юу гэх вэ.

 

Бас настай эгчийн үгнээс нөхөрлөлийн үнэ цэн мэдрэгдэв. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайн найзууд байж чаддаг, чаддаггүй гэх эргэлзээ өндөг анхдагч уу тахиа анхдагч уу гэдэгтэй өнгө ижилсэж өнөөг хүртэл хариулт олдоогүй л байгаа.  Гэхдээ найз нь амьдралаа холбох гэж буй бүсгүйнхээ тухай ярьж хэлж, зөвлөж байгаагаас, эгч түүнд нь учиргүй баярлаж буйгаас харахад эр, эм хүмүүс найзууд байх боломжтой. Тэгээд тэр нөхөрлөл өнө удаан үргэлжилж магад насан туршийнх байж болох л юм байна гэж дүгнэв.

 

Нөхөрлөл амьдралд тустайдаа биш сэтгэлд ханьтайдаа сайхан гэж үг бий. Энд хүрээд тэмдэглэлээ дуусгаж байна. Ирэх баасан гарагт эргэн уулзъя.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Full of crap and prejudice.
2020-11-06