АНУ-ын сонгууль: Трамп "Хэвлэлүүдийн санал асуулга худал, би ялна"
2020-11-06

АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп "гагцхүү хууль ёсны саналууд"-ыг тоолвол өөрийгөө сонгуульд ялсан хэмээн пүрэв гаригт мэдэгдлээ.

 

"Та нар хууль ёсны саналуудыг тоолвол би хөнгөхөн ялчихна. Та нар хууль бус саналуудыг тоолвол сонгуулийг луйвардаж мэдэх юм" хэмээн Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

 

Мөн тэрбээр Ардчилсан намыг бүгд найрамдахчуудын саналыг тооцохгүйн тулд "луйврын санал асуулга" явуулах замаар сонгуульд хөндлөнгөөс нөлөөлж байгаа хэмээн буруутгасан байна.

 

"Одоо бүгд хүлээн зөвшөөрч байгаачлан, хэвлэл мэдээллийнхэн явуулсан санал асуулга нь нөлөө бүхий бүлэглэлүүдийн зүгээс сонгуульд шууд нөлөөлж байгаа хэрэг. Эдгээр нь хуурамч санал асуулга. Би эдгээрийг хуурамч гэж нэрлэхээс аргагүй байна. Манай сонгогчид гэртээ үлдэж, Байден илүүрхэж байгаа гэсэн хуурмаг төсөөлөл бий болгохын тулд эдгээр хууран мэхэлсэн санал асуулгуудыг бодож олсон" хэмээн Трамп мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн өөрийнх нь ялалтыг "авлигаар" хулгайлахыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн онцоллоо.

 

"Сонгуулийн хараат бус байдлыг хамгаалахад бидний гол зорилго оршино. Ийм чухал сонгууль болон аливаа сонгуулийг хахуулиар будлиантуулахыг бид хүлээн зөвшөөрөхгүй, сонгогчдын амыг хамхих үйлдлийг бид гаргахгүй" гэж Ерөнхийлөгч Трамп цохон тэмдэглэсэн байна.

 

Аризона мужид санал тоолох ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд дүн гарвал Трамп энэ мужид ялалт байгуулна гэж тооцоолж байгаа гэнэ. Аризона мужид саналын 55 хувийг авна гэж тэрбээр найдаж байгаа аж. Түүний сонгуулийн штабынхан санал тоолох явцтай холбоотойгоор хэд хэдэн нэхэмжлэлийг шүүхэд өгөөд байгаа юм. Тиймдээ ч АНУ-ын Дээд шүүх дээр санал тоолохтой холбоотой асуудал шийдэгдэнэ гэж Трамп үзэж байна.

 

"АНУ-ын Дээд шатны шүүхэд энэ явц өндөрлөх байх. Харж л байя. Гэхдээ сонгуулийн ялалтыг луйвардуулах явдлыг бид гаргуулахгүй тул олон шүүх ажиллагаа явагдах байх гэж бид бодож байна" хэмээн АНУ-ын Төрийн тэргүүн мэдэгджээ. 

 

АНУ-ын сонгууль-2020

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийг тодруулах  сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болсон. Энэ сонгуулийн гол өрсөлдөгчид нь Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ардчилсан Намаас нэр дэвшигч Жозеф Байден нар юм. 

 

Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд зааснаар АНУ-ын Ерөнхийлөгчөөр тус улсад төрсөн, АНУ-ын 35 нас хүрсэн, Америкийн нутаг дэвсгэрт нийтдээ 15-аас багагүй жил амьдарсан иргэн сонгогдох эрхтэй.

 

Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр товлогдсон. Энэ сонгуульд Жо Байден ялвал тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад настай Ерөнхийлөгч болох бөгөөд учир нь тэрбээр албан тушаалд очих үед 78 настай байх юм. Түүнчлэн дэд Ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигч Камала Харрис ялалт байгуулсан тохиолдолд АНУ-ын түүхэн дэх анхны дэд Ерөнхийлөгч болно. 

 

Сонгуулийн дүн өөрөөр эргэж, Дональд Трамп дахин сонгогдвол тэрбээр мөн л АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад настай Ерөнхийлөгч болох юм. Учир нь тангараг өргөх ёслолын үеэр тэрбээр 74 настай байх юм. Энэ удаагийн сонгууль нь хоёр намаас нэр дэвшигч хоёулаа 70-аас дээш настай хүмүүс өрсөлдсөн анхны сонгууль юм. 

 

АНУ-ын сонгуулийн тухай

АНУ-ын сонгууль нь электорат буюу төлөөлөн сонгогчийн санал, Хоёрдугаарт: Ард түмний санал гэсэн хэлбэрээр явагддаг. 

Нэр дэвшигчид доод тал нь 270 төлөөлөн сонгогчийн санал авах ёстой. Өөрөөр хэлбэл АНУ-ын ард түмэн Ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй, харин муж бүрт хувь тэнцүүлэн олгосон “electoral college” буюу “төлөөлөн сонгогчид” Ерөнхийлөгчийг сонгоно. Нийт 538 төлөөлөгчийн 270-ынх нь саналыг авсан тохиолдолд ялалт байгуулах юм. 

АНУ-ын муж тус бүрт Конгрессийн дээд, доод танхимд эзлэх гишүүдийн тоотой нь тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчид хувь тэнцүүлэн ноогдох бөгөөд өөрөөр хэлбэл муж бүр парламентынхаа дээд, доод танхимд сонгодог төлөөлөгчдийн тоотой тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчидтой гэсэн үг. АНУ-ын Ерөнхийлөгчийг эдгээр 538 “төлөөлөн сонгогч” шийдвэрлэх бөгөөд иргэд нь аль нэр дэвшигчээ сонгох “төлөөлөн сонгогч"-ийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр нэр дэвшигчээ дугуйлан сонгох замаар сонгоно. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
www333:
Er ni Tramp yalakh undur magadlaltai shuudangaar avsan sanal bol khuchingui shuu dee. ANU niigem uls tur bas l doroitoj baigaagiin ilrel bol ene songuuli yum.
2020-11-06
Зочин:
Гурван хоног үргэлжилсэн санал тооллого явагдлаа. сонгууль будлиантай болсон байна.Хуурамч ардчилагчид америкчуудын саналыг луйвардсан болох нь батлагдлаа
2020-11-06