COVID-19: Дэлхий дахин ХӨЛ ХОРИОНД
2020-11-06

Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 48 саяыг давж, улс орнууд хөл хорих цаг тогтоож, зоогийн газруудыг хаан, хүмүүсыг тусгаарлах зэргээр шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин авч хэрэгжүүлж эхэллээ. Коронавирусээс сэргийлэхийн тулд улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа талаарх гол мэдээллүүдийг түүвэрлэн хүргэе. 

 

Грек энэ сар дуустал "хөл хориотой"

Грек улс 11 дүгээр сарыг дуустал хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд гэрээсээ гарах бол ажилдаа явах, эмнэлэгт үзүүлэх, дэлгүүр орох, эсвэл спортоор хичээллэх гэсэн гагцхүү хүндэтгэх шалтгаанаар гарах бөгөөд ийнхүү гарахдаа амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчилж байна. Түүнчлэн гэрээсээ гарахаасаа өмнө тусгай дугаарт мессеж илгээн, холбогдох байгууллагуудад өөрийгөө гарах гэж байгааг мэдэгдэх ёстой.

Грек улсад цар тахал дэгдсэнээс хойш 49 807 COVID-19-ийн тохиолдол бүртгэгдэж, 702 хүн нас баржээ. 

 

Австрид хөл хорих цаг тогтоов 

 

Австрийн эрх баригчид 20:00-06:00 цагийн хооронд хөл хорих цаг тогтоосон юм. Мөн олон нийтийн газрууд хаагдаж, олныг хамарсан арга хэмжээнүүдийг хориглосны дээр ахлах ангийнхан болон оюутнууд алсын зайн сургалтад шилжжээ. Коронавирусээс сэргийлэхэд чиглэгдсэн журмыг зөрчсөн этгээдийг багадаа 150 еврогоор торгохоор болсон байна.

Энэ улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 133 мянга давсан бөгөөд өнгөрсөн хоногт гэхэд л 7416 тохиолдол шинээр илэрчээ. Эдгэрсэн хүний тоо 80 604 байгаа бол 1268 хүн вирусээр үүсгэгдсэн өвчний хүндрэлийн улмаас нас барсан байна.

Словакд онц байдал зарлав 

 

Словак улсад онц байдал зарлажээ. Онц байдлын дэглэм энэ сарын дунд хүртэл үйлчлэх бөгөөд энэ хугацаанд бүхий л олон нийтийн арга хэмжээг хориглож, кафе, зоогийн газар авч явах хоол ундаар л үйлчлэх бол бүх спорт танхим, усан сангууд хаагдсан байна.  Түүнчлэн 10-аас дээш настай бүх хүнд тест хийхээр төлөвлөж байна. 

Словакд коронавирусийн халдварын нийт тохиолдол 68 734, 16 426 хүн эдгэрч, 286 хүн нас баржээ. 

 

Чехд сурагчид цахимаар хичээллэж байна

Чехд мөн баар, зоогийн газар, кино театр, фитнесс төвүүд хаагджээ. Дунд сургуулиудыг цахим сургалтад шилжүүлсэн байна. Энэ улсад өнгөрсөн сарын сүүлээс эхлэн хөл хорих цаг тогтоосон бөгөөд 21:00-05:00 цагийн хооронд гадаа гарахыг хоригложээ.


Чехд өнгөрсөн хоногт 13 231 тохиолдол шинээр илэрснээр нийт халдварын тохиолдол 392 мянгын давсан бөгөөд 214 мянган хүн эдгэрч, 4330 хүн нас барсан байна.

 

Бельги-хөл хорих цаг, амны хаалт 

Бельгид мөн өнгөрсөн сарын 19-нөөс эхлэн бүхий л бааруудыг хааж, шөнө дундаас 05:00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоосон юм. Брюссель хотод бүх нийтийг амны хаалт зайлшгүй зүүхээр журамласан байна. Мөн бүхий л соёлын болон спортын байгууллагууд хаагдаж, бүх дэлгүүр 20:00 цаг хүртэлл ажиллахаар болжээ.

Энэ улсад хоногт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо өндөр байгаа бөгөөд өнгөрсөн хоногт гэхэд л 15 672 тохиолдол илэрснээр нийтдээ 468 мянгыг давжээ. Цар тахал эхэлснээс хойш тус улсад коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас  12 331 хүн нас барсан байна.

 

Европын бусад улсад...


Бельгийн хөрш Франц улсад тусгаарлалтын шинэ горим зарласан юм. Ирэх сарын нэгэн хүртэл цэнгээний газрууд хаагдаж, олон нийтийн арга хэмжээг хоригложээ. Хаалгаа барьсан байгууллагуудад сард 10 мянган еврогийн дэмжлэг үзүүлнэ гэж Францын Ерөнхийлөгч Макрон амалсан байна. Мөн боломжтой бүх газарт алсын зайнаас ажиллахыг зөвлөжээ. 

Францад халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоногт 58 046-аар нэмэгдсээр нийт тохиолдол 1,6 саяыг давж, 39 037 хүн нас баржээ. 

Норвегид 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гадаадын бүх ажилчид 10 хоногийн хөл хорионд орох шаардлагатай болсон бол байр орон сууцанд нэг дор таваас дээш хүн цуглан үдэүлэг хийхийг хориглосон байна. Энэ улсад халдвар авсан хүний тоо 22953 байгаа бөгөөд 284 хүн нас баржээ.


Швейцарт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж, 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн бүх шөнийн клубуудыг хааж, баар болон зоогийн газруудыг 23:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрчээ. Тавиас дээш хүнтэй аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна. Энэ улсад цар тахал дэгдсэнээс хойш халдварын нийт тохиолдол 203 мянгыг давж, 87 200 хүн эдгэрч, 2337 хүн нас баржээ. 

 

Польшд мөн спортын төв, кафе, зоогийн газар болон соёлын байгууллагууд хаалгаа барьжээ. Ахлах ангийнхан цахимаар хичээллэж байна. Мөн таваас дээш хүн нэг дор цуглахыг хориглосны дээр Шинэ жилийн баяраар болох олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалжээ.

 

Германд 11 дүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн шинээр хөл хорио тогтоосон бөгөөд дор хаяж нэг сарын хугацаанд фитнесс клуб, усан сан, шивээсний газрууд, гоо сайхан болон массажны салонууд, театр, концертын танхимууд хаагдах бол зоогийн газар, баар  нийтэд үйлчлэхгүй, гагцхүү хоол авч явах үйлчилгээ үзүүлж болох гэнэ. Мөн ойрын нэг сарын хугацаанд бундеслигийн тоглолтууд үзэгчгүй явагдах юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гадны улс орнуудад аюултай өвчний улмаас хөл хорио тогтоогоод байхад манайх улам л замбараа алдаад байх юм ямар аюул нүүрлэх болдоо гайгүй л өнгөрөөсэй билээ Энэ сургуулийн эмх замбараагаа алдсныг харж мэдэрч байгаа хүн байдаг болвуу бүр ч дэндэж л байна даалгавар
2020-11-06