Ильхам Алиев: Карабахд буулт хийх боломж улам багасаж байна
2020-11-09

Уулын Карабахд сар хагасын хугацаанд байлдсаны эцэст Армений Ерөнхий сайдын албан тушаал дээр Никол Пашинян байгаа цагт энэ бүс нутагт энх тайван тогтох боломжгүй гэж үзэж байгаагаа Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев ВВС агентллагт өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ. Өмнө нь тэрбээр Арменийг түрүүлж цэргээ татвал сөргөлдөөнийг дуусгахад бэлэн хэмээн мэдэгдэж байсан бөгөөд энэ удаад ч энэ байр сууриа давтсан байна.

 

Тодруулбал, Уулын Карабахыг тойрсон эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдээс Армени улс цэргүүдээ гаргавал Азербайжаны арми нэн даруй тулаанаа зогсооно гэж Алиев онцолсон байна.

 

Карабах болон түүнийг тойрсон бусад бүс нутгуудыг олон улсын зүгээс Азербайжаны нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрсөн байдаг ч бодит байдал дээр Армени хяналтадаа байлгадаг юм. Эдгээр бүс нутгуудад амьдарч байсан Азербайжаны хүн амыг 1990-ээд онд хөөсөн байна.

 

Тэр үеэс хойш сөргөлдөөн үргэлжилсээр, энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр нөхцөл байдал дахин хурцдаж, талууд дайтаж эхэлсэн юм. Энэ удаагийн дайны явцад олон хүн амь эрсэдсэн. Хоёр тал нэгнээ иргэний объектууд руу зориуд гал нээсэн хэмээн буруутгасаар байгаа бөгөөд зуучлагч талууд хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоох оролдлогыг гурвантаа хийсэн ч тухай бүрт бүтэлгүйтэж байлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин