Анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч болох Камала Харрис гэж хэн бэ?
2020-11-09

АНУ-ын сонгууль өндөрлөж, албан бус дүнгээр Жозеф Байден ялалт байгуулсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Жозеф Байден Ерөнхийлөгчөөр сонгогдвол дэд ерөнхийлөгчөөр Камала Харрис тодрох юм. Ингэснээр тэрбээр энэ албан тушаал дээр очиж буй анхны эмэгтэй болно. Түүнчлэн энэ албан тушаалыг хашиж буй Ази гаралтай, өнгөт арьст анхны улс төрч болох юм.

 

Гарал

Камала Харрис 164 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Калифорнид төрсөн. Түүний эцэг эх нь цагаачид байсан бөгөөд ээж нь Энэтхэгээс гаралтай, шинжлэх ухааны зүтгэлтэн Шьямала Гопалан бол аав Дональд Харрис нь Ямайкаас гаралтай, эдийн засгийн профессор хүн аж. Камала Говардын их сургуулийг төгсөж, дараа нь эрх зүйн докторын зэрэг хүртжээ.  

 

Карьер

Камала мэргэжил эзэмшсэнээсээ хойш эрх зүйн салбарт ажилласан бөгөөд прокурорын туслах байжээ. 2003 онд Сан-Францискогийн тойргийн прокуророор сонгогдож, 2011 он хүртэл энэ албаа хашсан байна. Дараа нь Калифорнийн Ерөнхий прокуророор сонгогдож, 2017 он хүртэл хоёронтоо улиран сонгогджээ.

 

Улмаар 2017 онд Калифорни мужаас АНУ-ын Сенатад сонгогдсон анхны өнгөт арьст гишүүн болов. Түүнийг ажиллаж эхэлсэн эхний жилд л "Ардчилсан намын мандаж буй од" хэмээн нэрлэх болсон бөгөөд ирэх сонгуульд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж болзошгүй гэлцэж байлаа.

 

Шүүмжлэл

Прокурорын газарт ажиллаж байх үедээ тэрбээр олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байлаа. Тухайлбал, Камала Харрисыг хүний аминд хүрсэн цагдаагийн алба хаагчид цаазын ял оноохоос татгалзсаныг иргэд шүүмжилж, мөн түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр мөрдөн шалгахыг шаардаж байсан ч түүний ажилд зөрчил илрээгүй юм.

 

Камала Харрис Ерөнхий прокуророор ажиллаж байхад зарим шүүгчид прокурорууд цагдаагийнхны протоколд хуурамч мэдүүлэг оруулж, чухал баримтуудыг нуун дарагдуулсан хэмээн эсэргүүцэл зарлаж байлаа. Түүнчлэн 2019 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших  эрмэлзэлд нь садаа болсон бусад шуугианууд ч гарч байсан бөгөөд ингээд эцсийн дүнд Камала Ерөнхийлөгчид нэр дэвшилгүй, Жо Байденыг дэмжихээр шийдсэн байна. Түүний гадаад бодлогын үндсэн зарчмууд нь Жо Байдены үзэлтэй ихээхэн нийцдэг аж. 

 

ЛГБТ-г дэмжигч 

Харрис ижил хүйстний гэрлэлтийг хуульчлахыг дэмждэг байв. Тухайлбал, Калифорни мужийн ижил хүйстний гэрлэлтийг хориглосон хуулийг тэрбээр дэмжээгүй бөгөөд трансжендерүүд нийтийн ариун цэврийн газрыгш өөрсдийн сонголтоор ашиглах эрхийг дэмжиж байлаа. Гэхдээ тэрбээр хорих газруудад хүйсээ өөрчлөх мэс засалд орохыг эсэргүүцдэг байсан юм. Мөн Камала Харрис үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргээс ЛГБТ-г хамгаалсан тусгай хэлтэсийг Сан-Францискогийн прокурор байхдаа байгуулжээ. 

 

Марихуаныг дэмжигч 

Камала Харрис болон Жо Байден нар олон асуудал дээр санал нэгддэгийн нэг нь марихуаныг хуульчлах. Өнгөрсөн жил Жо Байден марихуаныг хүлээн зөвшөөрөхийг уриалж байсан бол Харрис ч мөн марихуаныг хуульчлахын төлөө зогсдог гэдгээ илэрхийлж байлаа. Тэрбээр мэдэгдэл хийх үеэрээ марихуан бол хар тамхи биш гэдгийг хүлээн зөвшөөрөхийг олон нийтэд хандан уриалж байв. Түүнчлэн сенатч байхдаа каннабисийг холбооны түвшинд хуульчлахыг дэмждэг байсан аж. 

 

Улс төрийн үзэл баримтлал 

Гадаад бодлого дээр Харрисын үндсэн зарчмууд Жо Байдены үзэл баримтлалтай ихээхэн нийцдэг. Тэрбээр АНУ-ын гадаад бодлогын чухал хэсэг нь хүний эрхийг хамгаалах сэдэв байх ёстой гэж үздэг юм. Орос зэрэг хэд хэдэн улс орнуудын удирдлагын дэглэмд шүүмжлэлтэй ханддаг. Мөн Орос, Хятад, Иранаас "Америкийн технологийг хамгаалах"-ын төлөө зогсдог нэгэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хар тамхи газар авах нь дээ.
2020-11-10
164 онд төрсөн гэнэ дээ хөөрхий, бараг 2000 жил амьдарч байгаа юм бна, хүн мөн үү ??
2020-11-09
Үзэл бодол нэг бна
2020-11-09