ХЭҮК-ын шинээр томилогдсон гишүүдийг хүлээн авч уулзав
2020-11-10

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.11.10) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүн Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг хүлээн авч уулзав.

 

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комисс бэлтгэн, жил бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг бөгөөд 2019 онд анх удаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон юм. Энэ үндсэн дээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Тус хуулийн дагуу анх удаа Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, үүний үр дүнд Улсын Их Хурал томилгоо хийсэн болохыг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд тэмдэглэн хэлэв.

    Үргэлжлүүлэн тэрбээр “Та бүхнийг их ажил хүлээж байна. Энэ бол хүний амьдрал, хувь заяатай холбоотой учир хүн нэг бүр сэтгэл, зүтгэл гарган хийдэг ажил. Анхны нээлттэй сонгон шалгаруулалтаас сонгогдсон Та бүхнийг хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр өөрчлөлт, дэвшил гаргана хэмээн Улсын Их Хурал итгэл, найдвар хүлээлгэн томиллоо. Үүнийг  бодит ажил, үр дүнгээр харуулах үүргийг Та бүгд хүлээж байна” хэмээн захив.

 

    Одоо хэрэгжиж буй Эрүүгийн хууль тэргүүтэй олон хуульд хүний эрхийн зөрчилтэй заалтууд бий. Мөн шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу нийгмийн чиг хандлагыг чиглүүлэх буюу мөрдөх үйл ажиллагааны явцын мэдээлэл, баримтыг олон нийтийн сүлжээгээр дэлгэж, хэн нэгнийг ялладаг байдал хавтгайрч байгааг жишээ дурдан хэллээ. Мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой баримт, мэдээллийг нийтэд дэлгээд, зөвхөн үүн дээрээ тулгуурлаж тодорхой этгээдийг, түүний ойр тойрны хүмүүсийг нийгмээрээ ялладаг, үүнээс болоод тухайн этгээд хууль эрх зүйн хариуцлагаа хүлээхийн зэрэгцээ ойр тойрноосоо “шийтгэл” хүлээдэг, гэр бүлийнхэн нь нийгмээс дам хэлбэрээр ялгаварлан гадуурхал, доромжлол хүлээж амьдрах аргагүй болдог жишээ хааяагүй байгаа. Ийм жишээ олныг дурдаж болно гэдгийг Г.Занданшатар дарга хэлсэн. Энэ байдал нь “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчиж буй хэлбэр гэдгийг дурдаад, энэ мэтээр Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдож буй гишүүдэд хийж, хэрэгжүүлж, засаж, сайжруулах асар их ажил байгааг сануулсан юм. Түүнчлэн, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл бүрд эрүүдэн шүүлттэй холбоотой тоо баримт, жишээ дурдагдсаар ирсэн ба эцэстээ эрүүдэн шүүх арга нь манай мөрдөх үйл ажиллагааны хэвийн үзэгдэл мэтээр ярьж, хүлээн авдаг болсныг анхаарах, өөрчлөх шаардлагатайг онцлов. Шинжлэх ухаан, техник, технологи өндөр хөгжсөн өнөө цаг үед мөрдөх, нотлох ажиллагаа, арга маш олон болсныг холбогдох байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж бий, ингэснээрээ хүний эрхийг зөрчдөг байдлыг зохих хэмжээгээр бууруулах, улмаар таслан зогсоох ач холбогдолтойг тэмдэглэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хуулиудыг нийцүүлэх, “Эрх зүйн шинэтгэл 2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комисс оролцож, хүний эрхэд тулгуурласан эрх зүйн системийг төлөвшүүлж, төгөлдөржүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах үүрэгтэйг энэ дашрамд дурдлаа.

 

Мөн бусад улс орны энэ чиглэлээрх үйл ажиллагааг судалж, харьцуулах, сайн жишгийг өөрийн онцлогтоо нийцүүлэн нэвтрүүлэх гарцыг санал болгож, тодорхой баримт, жишээ дурдсан.

 

 

Үндсэн хуулийн суурь үзэл санаа бол хүний эрхийг хангах, хамгаалахад оршдог гэдгийг энэ үеэр Улсын Их Хурлын дарга онцлоод “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хүрээнд аль ч хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан хүний эрхийг зөрчиж болохгүй. Үүн дээр Та бүгд хамтран ажиллаж, санал зөвлөгөө өгч, нээлттэй хамтран ажиллах ёстой” гэв.

 

Хүний эрхийг хангах, хамгаалах, бэхжүүлэх нь дан ганц Хүний эрхийн Үндэсний Комиссын үүрэг биш, асуудлыг иж бүрэн, цогцоор нь харж, судалж, шийдвэрлэх ёстойг тэрбээр тэмдэглээд, байгууллага, хувь хүмүүс, олон нийтийн оролцоог хангаж, талуудтай нягт хамтран ажиллаж байхыг үүрэг болгов. Цаашид Прокурорын байгууллагын үйл ажиллагааны тайлан болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хамтад нь Улсын Их Хурлаар сонсдог болохоор төлөвлөж байгааг уулзалтын үеэр Г.Занданшатар дарга дуулгасан.

 

Уулзалтын төгсгөлд тэрбээр Хүний эрхийн Үндэсний комиссын шинээр томилогдсон гишүүдэд хууль дээдэлж, хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой идэвх, хүчин чармайлт гарган ажиллахыг үүрэг, чиглэл болгоод “Аливаа төрлийн ашиг сонирхлоос ангид, хараат бус байж гүйцэтгэх засаглалаас тусгаарласан Улсын Их Хурлын харъяа байгууллагын статусаа өндөрт өргөж ажиллаарай. Улсын Их Хурал дэмжин туслах болно” гээд ажлын өндөр амжилт хүслээ.

 

    Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх М.Үнэнбат болон албаны бусад хүмүүс оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин