Дарханд хөл хорио тогтоолоо
2020-11-12

 

Өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас  гаргасан. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал захирамж гарсан байна. Захирамжид,

 

  1. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан арилжааны банк, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнс үйлдвэрлэл, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоой, буяны ажлаас бусад үйл ажиллагааг хязгаарлан, гамшгаас хамгаалах орон нутгийн мэргэжлийн алба мэргэжлийн  ангиудаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх  аж ахуйн нэгж байгууллагуудын ажил үйлчилгээ явуулахын түр хугацаагаар зогсоосугай.
  2. Дээрх хугацаанд аймаг, сумын төвөөс гарах, орох чиглэлд нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласугай.
  3. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон гэртээ харгалзах хүнгүй 0-12 насны хүүхэдтэй албан хаагчдын гэрээсээ ажиллах нөхцөл бололцоогоор хангахыг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, захирал  нарт үүрэг болгосугай.
  4. Дээрх хугацаанд иргэдийг хүнс цуглуулаа, эрүүл мэнд, ундны усны хэрэгцээг хангахаас  бусад тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайд зорчихгүй байх асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудад даалгасугай.
  5. Захирамжийг иргэд, олон нийтэд мэдээлэх, холбогдох байгууллагуудад шуурхай хүргүүлэх аймгийн мэдээлэл технологийн албаны дарга /Х.Соёл-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.
  6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн онцгай байдлын газар/С.Дүрэвсамдан/, Цагдаагийн газар/Х.Алтанхуяг/, Мэргэжлийн хяналтын газар/Д.Бат-Эрдэнэ/, Эрүүл мэндийн газар/Б.Батцэнгэл/, сумдын Засаг дарга нар болон мэргэжлийн алба, мэргэжлийн ангиудад тус тус даалгасугай гэж ээ. 

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин