Тандалтын хугацаанд төрийн шийдвэрийг дагах нь ИРГЭНИЙ ҮҮРЭГ
2020-11-13

 

Коронавирусын халдвар дотоодод илэрч, улсын хэмжээнд энэ сарын 17-ны 06:00 цаг хүртэл тав хоногийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Тээврийн жолооч болон түүний эхнэрээс  анх халдвар илэрсэн бол холбогдох таван хавьтагчийн шинжилгээний хариу эерэг гарсан. Үргэлжлүүлээд Сэлэнгэ, Дархан аймагт хоёр эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гараад байгаа. Тиймээс нийслэл хот болон зарим аймагт орох, гарах хөдөлгөөний түр хаагаад байна.

 

Нийслэл хотод өчигдөр 23:00 цагаас эхлэн явган болон машинтай зорчигчийн хөдөлгөөнийг хорьж, онцгой албаныхнаас бусад хувийн машиныг зорчуулахыг хориглоод байгаа.

 

УОК-аас халдвар авсан иргэдийн ойрын хавьталуудыг тогтоох, тусгаарлах, шинжилгээ авах тандалтын тав хоногийн хугацаанд иргэд гэрийн хориог чанд мөрдөж, эрүүл мэндээ хамгаалж, халдварыг тархахаас сэргийлэхийг уриалж байна. Тиймээс иргэн та бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед төрөөс шийдвэрийг дагаж, тав хоногийн тандалтын хугацаанд хөл хорионы дэглэмийг сахиж, иргэний үүргээ биелүүлээрэй. Гамшгаас хамгаалах тухай хуулиар иргэний эрх үүргийг заасан байдаг. Үүнд:

 

Иргэний эрх, үүрэг                 

 

37.1.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:

 

37.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлаа хангахад шаардлагатай арга хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл авах;

 

37.1.2.гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулах, гишүүнээр элсэх, гамшгаас хамгаалах дундын хөрөнгийн сан үүсгэх;

 

37.1.3.гамшигт өртсөн тохиолдолд шаардлагатай тусламж, дэмжлэг авах;

 

37.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан бол энэ хуулийн 36.2-т заасан тусламж авах;

 

37.1.5.голомтын бүсэд дайчлагдан үндсэн ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсөө ажил олгогчоос, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэгэн адил томилолтын зардлыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр авах.

 

37.2.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

 

37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

 

37.2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох;

 

37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах;

 

37.2.4.гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх;

 

37.2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;

 

37.2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх;

 

37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх;

 

37.2.8.хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин