Хөл хорионы үед гэрээсээ ажиллах ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ
2020-11-14

Коронавирусийн цар тахал дэлхий даяар олон зүйл өөрчилж, офисын ажилтнууд гэрээсээ ажиллах горимд шилжээд багагүй хугацааг өнгөрөөв. Харин 10 сарын турш ийм хязгаарлалтаас ангид байсан монголчууд энэ долоо хоногоос эхлэн хөл хорионд орж, гэрээсээ ажиллах шаардлагатай болсон юм. Тиймээс хөл хорионы үед гэрээсээ ажиллахад хэрэг болж мэдэх цөөн зөвлөгөөг хүргэж байна. 

 

Буйдан дээр хэвтэхгүй байх 

Гэрийнхээ аль хэсгийг ажлын байр болгохыг нарийн тогтоохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Зөвхөн ажлын цагаар сууж болох ширээ эсвэл өрөөний булан байсан ч болно.

 

Ингэснээр хүн тухайн газрыг ажлын байр гэж төсөөлөн, ажил хийх нөхцөл бүрддэг хэмээн сэтгэлзүйчид өгүүлжээ. Тиймээс л буйдан дээр хэвтэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ийм байрлалд ажилласнаар зүүрмэглэх зэрэг олон сөрөг талтайг анхааруулжээ.

 

Анхаарал сарниулах зүйлсээс хол байх

Зурагт, компьютер тоглоом гээд анхаарал сарниулахуйц олон зүйлсийн дотор гэртээ ажиллах шаардлагатай болдог. Тиймээс олон нийтийн сүлжээ рүү оролгүй, мөн хөргөгч, зурагт зэрэг анхаарал сарниулахуйц эд зүйл нүдэнд өртөхөөргүй байдалд ажиллахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

 

Албан хувцас өмсөх

Ажилдаа төвлөрөхийн тулд өглөө бүр гэрээсээ гарахдаа хийдэг үйлдлүүдээ гэртээ ч хийхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Тухайлбал, усанд орж, офис хувцсаа өмсөн, кофе ууж, олон нийтийн сүлжээгээр хамтран ажиллагсадтайгаа ганц нэг үг солиод ажилдаа орох нь ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд тустай гэнэ.

 

Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар ийм дадлуудыг гэртээ ч хийх нь ажилдаа төвлөрөх боломжийг олгохын дээр ажлын ширээний ард албан хувцастай сууж байгаа хүн ахуйн асуудлуудад төдийлөн сатаардаггүй аж. Харин ажлын цаг дуусмагц, гэрийн хувцсаа өмсөөрэй.

 

Сэтгэл хөдлөлөө хянах

Алсын зайнаас ажиллах горимд шилжсэний дараа ихэнх хүмүүс энэ байдалд ихээхэн баярладаг. Учир нь хаашаа ч гарах шаардлагагүй, тиймээс оройтож унтаж болно.

 

Гэхдээ мэргэжилтнүүдийн анхааруулснаар, үүнд нэг их баярлаад байх хэрэггүй гэнэ. Учир нь нойр хүний ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг. Үүнээс үүдсэн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд чөлөөт ажилтнууд өдөрт заавал мөрдөх хуваариудыг гаргадаг аж. 

 

"Нойр хоолондоо сайн байхад ажил аандаа..."

 

Хэдийгээр гэрээсээ ажиллаж байгаа ч өглөөний цай уух, өдрийн хоол идэхдээ компьютерийн ширээ биш заавал хоолны ширээний ард суухыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Тархи зайлшгүй амрах шаардлагатай бөгөөд өдрийн хоолны үеэр тархиа амраах нь хамгийн зөв хувилбар гэнэ.

 

Ажлын байрыг бэлдэх

Үр дүнтэй, биед тухтайгаар ажиллахын тулд ажлын байраа сайтар бэлдэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ажлын байр болгон ашиглах хэсгийг сайтар цэвэрлэн, эмх цэгцтэй байдал бүрдүүлэхийг зөвлөжээ.

 

Түүнчлэн зай талбайг сайтар бодолцох хэрэгтэй. Ажлын байрны зорилгоор ашиглагдаж буй ширээн дээр компьютер болон гараа зөв байрлуулахуйц зайтай байх ёстойн дээр суухад эвтэйхэн сандал сонгоорой.

 

Биеийн хөдөлгөөн 

Алсын зайнаас офисын ажил хийх үедээ ч хөдөлгөөнийг мартаж болохгүй. Тиймээс төрөл бүрийн үнэ төлбөргүй апликейшн татаж аван, биеийн тамирын дасгалуудыг даган хийхийг мэргэжилтнүүд зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин