ШИНЭ ЭРИН: Space X-ийн сансрын хөлөг хөөрлөө
2020-11-16

Space X компанийн, дөрвөн сансрын нисгэгч суулгасан "Драгон" хөлөг Флорида дахь Кеннедийн нэрэмжит Сансрын төвд байх НАСА-ын сансрын буудлаас хөөрлөө. Энэ нь Олон улсын сансрын станц руу хөөрч буй хоёр дахь жолоодлоготой нислэг, анхны тогтмол ажиллагаа юм. Хөөрөх хугацааг 11 дүгээр 14-ний өдөр хэмээн товлож байсан ч хэт хүчтэй салхитай өдөр байсны улмаас хойшлуулсан байна.

Экипажийн бүрэлдэхүүнд дөрвөн хүн багтаж байгаа бөгөөд НАСА-ийн гурван сансрын нисгэгч мөн Японы агаар сансрын судалгааны агентлагийн төлөөлөгч багтжээ. 

Экипажийн дарга Майкл Хопкинс, Америкийн сансрын хүчний хурандаа. 2013 оны есдүгээр сард Оросын "Союз" хөлгөөр Олон улсын сансрын станцыг зорьж, 2014 оны гуравдугаар сар хүртэл тэндээ ажиллажээ. 

 

Нисгэгч Виктор Гловер. Түүний хувьд энэ нь анхны нислэг юм байна. 


Инженер Шэннон Уокер. Энэ эмэгтэйн мэргэжил нь физикч, 2010 онд Олон улсын сансрын станц дээр ажиллаж, сансарт 163 өдөр байжээ. 

 

Соити Ногучи. Түүнийг экипажийн бусад гишүүдээс илүү туршлагатай гэж ВВС мэдээлжээ. Тэрбээр анх Америкийн "Шатлла" хөлгөөр 2005 онд сансарт нисч, дараа нь 2009 онд Оросын "Союз" хөлгөөр Олон улсын сансрын станц руу нисэж байсан аж.

 

Сансрын нисгэгчид Олон улсын сансрын станц дээр зургаан сар орчмын хугацаанд байна. Тэд Оросын сансрын нисгэгчид болох Сергей Рыжиков, Сергей Кудю-Сверчков нартай нэгдэх юм. Ингэснээр станц дээр долоон хүн байх аж. 

 

Шинэ эрин рүү шилжсэн нь 

 

Энэ удаагийн нислэг нь НАСА-ийн хувьд ажлын шинэ загварт эцэслэн шилжиж байгаа хэрэг юм. Тодруулбал, хувийн гүйцэтгэгчээс сансарруу нисгэгчдийг тээвэрлэх үйлчилгээг худалдан авч байгаа анхны тохиолдол энэ. Өөрсдийн тоног төхөөрөмжтэй байж, түүгээрээ л сансрын ажиллагаа гүйцэтгэнэ гэдэг зарчим хэдийнэ ард хоцорч байгааг ВВС онцолсон байна. 

 

Хөөргөх ажиллагааг SpaceX-ийн мэргэжилтнүүд хянах бөгөөд НАСА-ийн ажилтнууд ажиглах гэнэ. Өөрөөр хэлбэл, Илон Маскийн компанийн төлөөлөгчид Кеннедийн нэрэмжит төв болон Калифорни дахь Space X-ийн нислэгийн удирдлагын төвөөс хөлгийн нислэгийг удирдах аж.

SpaceX болон НАСА-ийн байгуулсан "сансрын такси"-ны туршилт болон нислэгийн гэрээний өртөг нь 3 тэрбум гаруй доллар болсон гэнэ. Энэ хэлэлцээрийн хүрээнд тавдугаар сард анхны үзүүлэх нислэг хийж, Дага Херли болон Боб Бенкен гэсэн сансрын нисгэгчдийг Олон улсын сансрын станц руу хүргэж, буцаан эх дэлхийд авчирж байжээ. 

 

Хэлэлцээрт "энгийн" зургаан нислэг багтаж байгаагийн эхнийх нь энэ удаагийн нислэг юм байна. Дэд гүйцэтгэгчидтэй ажиллах нь олон тэрбум доллар хэмнэж, хэмнэсэн мөнгөөр сар, ангарагтай холбоотой төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болж байгаа талаар НАСА мэдэгджээ. НАСА 2024 он гэхэд сар руу жолоодлоготой нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
7 биш 6 хүн юм бишүү?
2020-11-17
zochin:
BUTSAJ EX DELXIIDEE IREXED NI DELXUUD COVID BUREN USTSAN BAIX YUM BNA DAA
2020-11-16