ЭМЯ: "Энхсаран" сувиллын ажилтнаас коронавирус илэрлээ
2020-11-16

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.16/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал,  аравдугаар сарын 26-нд Будапештээс ирсэн нэг хүний давтан шинжилгээ, "Энхсаран" сувиллын үйлчлэгч нэг хүний шинжилгээ, Сэлэнгэ аймгийн нэгдүгээр хавьтлын нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 

 

Улаанбаатар хотын голомтод өчигдөр ойрын хавьтал 107 хүн, хоёрдогч хавьтал 300 гаруй хүнд шинжилгээ хийсэн. Эдгээр шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт тухайн голомтод одоо 9 тохиолдол бий. Тухайн голомтод анхан болон хоёрдогч шинжилгээг нийлүүлбэл 2753 шинжилгээг хийсэн байна. Мөн ЗӨСҮТ-ийн лабораторид Улаанбаатар хотын багц өвчлөлийн хоёрдогч хавьтлын цэгүүдэд шинжилгээ хийж байгаа. Үүнд 909 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол  дөрөв болж байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 431  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 328 байгаа. Нийт эдгэрээд гарсан 328 хүний 16 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 2 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  310 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 97 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 75 хүн хөнгөн, хүндэвтэр 20, хүнд 2  хүн байна. Нутаг буцаасан зургаан хүн бий.

 

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин