Эмч нар: "Бид хүчрэхгүй нь"

Өдөр ирэх тусам дэлхий даяар коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байна. Халдварын тоогоор тэргүүлж байгаа улс нь АНУ байгаа бол түүний араас Энэтхэг, Бразил бичигджээ. Харин хойд хөрш ОХУ халдвар өндөртэй орнуудын жагсаалтад дөрөвдүгээрт бичигдсэн байна.
АНУ цар тахал эхэлснээс хойш бүхий л сөрөг дээд амжилтыг эвдэв. Долоо хоногт сая орчим халдварын тохиолдол нэмэгдэж, эмнэлгүүдийн ор дүүрч, зөвхөн өчигдөр гэхэд л хоногт 70 мянган хүн эмнэлэгт хэвтжээ. Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, АНУ-ын эрүүл мэндийн салбар сөхрөхөд ихээхэн ойртсон гэнэ.
"Өдрөөс өдөрт өсөж буй тоог харахад үнэхээр хүнд. Энэ үнэхээр таагүй хэрэг гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь бидний боломжоос хэтэрсэн зүйл болж байна. Эмнэлгийн орнууд өдөр бүр дүүрч байна. Сувилагчид ядарсан, эмч нар ч тэр. Асуудлыг эмнэлгийн хананы цаана шийдэх ёстой" хэмээн Висконсин мужийн эмч Ашок Рай өгүүлснийг NBC дамжуулжээ.
Ийнхүү нөхцөл байдал хүндэрч байхад зарим мужуудад хязгаарлалт байхгүй, амны хаалт зүүсэн, хүн хоорондын зай баримталсан хүн ч байхгүй байгааг эх сурвалжууд онцолсон байна. Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн таамагласнаар ойрын гурван долоо хоногт дахин 40 мянган хүн амиа алдаж, шинэ он гарах үед амиа алдсан хүний тоо 300 мянгад хүрч мэдэх гэнэ.
Харин Германд өнөөдөр Ангела Меркель болон бүс нутгийн эрх баригчид явцын үр дүнгээ хэлэлцэн, хөл хорионы арга хэмжээг сунгах эсэх талаар хэлэлэх юм байна. Одоо энэ улсад зөөлөн гэгдэх хөл хорио үйлчилж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр дуусах юм. Гэвч энэ хязгаарлалтыг цуцалж болохгүй гэж халдвар судлаачид үзэж байна.
Ливанд бүх нийтийн хөл хорио үйлчилж эхэлжээ. Зөвхөн тусгай зөвшөөрлөөр гэрээсээ гарах ёстой гэнэ. Энэ тусгаарлалт 11 дүгээр сарын 30 хүртэл үйлчлэх юм байна.
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Серби улс хоёр долоо хоногийн хугацаатайгаар хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж байна. Энэ улсад хоногт 4000 орчим халдвар бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойших сөрөг дээд амжилт юм. Улмаар дэлгүүр, кафе, зоогийн газруудыг 21.00 цагт хаахаар болжээ.
Мексикт цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо нэг саяыг давлаа. Ингэснээр халдварын тохиолдол нэг сая гаруй бүртгэгдсэн 11 дэх орон болж байна. Харин нас баралтын тоогоор Мексик дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа аж.
Нас баралтын тоогоор Мексикээс ч их байгаа Энэтхэг улс шашны баяр болох Дивали галын наадам зохион байгуулахаар шийджээ. Энэ онд олон зуун мянган мөргөлчид Энэтхэгийнх хойд хэсэгт байх Айодхья ариун хотыг зорьж, тэндээ 600 мянга гаруй дэнлүү асаан Гиннесийн дээд амжилт тогтоосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ