Тусгай зөвшөөрөл олгосныг түр зогсоолоо
2020-11-16 17:45

 

Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, хуралдааны дараа комиссын гишүүд мэдээлэл хийлээ.

 

Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гурван хүнээс  халдвар илэрсэн. Гэхдээ PCR болон сорьцын шинжилгээ хийж баталгаажуулахаар Дорнод аймгийн вирус судлалын салбар лабораторид явуулж, гурван хүнийг тусгаарлаад байна. Түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээ эцсийнх биш. Тухайлбал Дархан-Уул аймагт 4,500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд долоон хүнийх эерэг, харин PCR болон сорьцын шинжилгээгээр сөрөг гарч байсан юм.

 

Орон нутгийн иргэдийг энэ сарын 18-нд Улаанбаатар хотоос оршин суугаа газар луу нь явуулах болсон тухай мэдээллийг Улсын онцгой комиссын гишүүд үгүйсгэлээ. Халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлуудын шинжилгээний хариу ямар гарахаас хамаарч хугацааг товлох юм. Цаашид УИХ-ын гишүүд, Улсын онцгой комиссын гишүүн биш хүмүүс баталгаагүй, бүрэн бус мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх тухай албан тоотыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар илгээжээ. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий байгууллага, салбарын ажилтан, албан хаагчдын автомашинд тусгай зөвшөөрөл олгосныг түр зогсоолоо. Ажилтнууд өмнөхийн адил ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлж зорчиж байх юм.

 

Энхсаран сувилалд хууль тогтоомж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн эсэхийг шалгаж байгаа ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байна. Сувилалд тусгаарлагдсан 81 иргэнийг Дрийм, Кентавр, үйлчилгээний 17 ажилтныг Сүнжин гранд зочид буудалд шилжүүлсэн бөгөөд давтан шинжилгээний хариу сөрөг гарвал иргэдийг гэрийн 14 хоногийн тусгаарлалтад гаргах юм. Маргаашаас нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 237 дэлгүүрээр буюу нэг хороонд 1-2 дэлгүүр байхаар тооцон борлуулж эхэлнэ.  Өнөөдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгоод байна. Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн бөгөөд маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхлэх юм байна.

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар 18.00 цагт аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, үүрэг, чиглэл өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Содбаатарыг сулхан л гээд байдгийн. Ийм хариугүй сул амьтан гэж мэдсэнгүй дээ. Жүжигчин зөвлөх нь юугаа ч зөвлөхийн? Бүх цаг үеийн хамгийн муу шадар СААД юм даа.
2020-11-17