Вакцины сураг: Чинээлэг орнууд хэдийнэ ВАКЦИН НӨӨЦӨЛЖЭЭ
2020-11-17

Хүн төрөлхтний өмнө тулгарсан хүндхэн сорил болох коронавирусийн цар тахлыг даван гарахад итгэл найдвар төрүүлсэн мэдээлэл ар араасаа гарсаар байна. Энэ бол аюулт өвчнөөс хамгаалах вакцин. Гэтэл итгэл найдвар төрүүлж буй эдгээр эм бэлдмэлүүд үнэхээр хүн төрөлхтөнд аврал болж чадах уу, ядуу буурай орнуудад вакцин хэр хүртээмжтэй байх бол? Өндөр хөгжилтэй орнууд нэг оршин суугчдаа л гэхэд хэдэн арваар нь нөөцөлж, хүн амынхаа тоогоор урьдчилан захиалсан вакциныхаа тоогоор Канад тэргүүлж байна. 

 

Хараахан бэлэн болж бүртгэгдээгүй бүхий л вакцинуудын талаас илүү хувийг чинээлэг орнууд хэдийнэ нөөцөлсөн гэнэ. Энэ талаар АНУ-ын Дьюкийн их сургуулийн дэргэдэх Олон улсын Эрүүл мэндийн инновацийн төв хэмээх судалгааны төвийн цуглуулсан баримт дээр тулгуурлан "The Economist" сэтгүүл мэдээлжээ.  

 

Инновацийн төвийн судлаачид хараахан бүтээгдээгүй вакцины урьдчилсан захиалга хийгддэг гэрээ хэлэлцээрийн талаарх мэдээллүүдийг судалсан байна. Энэ судалгааны дүнд ирээдүйд бэлэн болох коронавирусийн бүхий л вакцины зургааны нэг нь АНУ руу илгээгдэх аж. Нэг оршин суугчдаа зориулж гурван вакциныг АНУ-ын Засгийн газар захиалжээ. Ингэснээр нэг тэрбум тун вакциныг АНУ худалдан авах юм байна. 

 

Харин нэг хүнд ноогдох вакцины захиалгын тоогоор Канад тэргүүлсэн байна. Энэ улс нэг иргэндээ л гэхэд 10 вакцин урьдчилан захиалжээ.

 

Америкийн Pfizer болон Германы BioNTech компаниудын хамтран боловсруулсан, коронавирусээс 90 хувь хамгаална гэсэн урьдчилсан дүн гарсан тал вакциныг гэхэд л хэдийнэ 600 саяар нь урьдчилан захиалсан байна. 

 

Европын холбоо бэлэн болоогүй вакцины хуваарилалт хийжээ

Еврокомисс ирэх хавар гэхэд л 700 сая хүнийг коронавирусийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Вакцин хараахан гараагүй, гэхдээ Европын холбооны орнууд хэн нь түрүүлж вакцин авч, зайлшгүй вакцинжуулалт явуулах эсэхээ шийдэж байгаа юм.

 

Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйены өгүүлснээр 446 сая хүн амдаа хэрэгцээтэйгээс ч илүү их тун вакцин авахаар төлөвлөж байгаа гэнэ. Илүү гарсан вакциныг ядуу буурай орнуудад буцалтгүй тусламж болгон өгөхөөр төлөвлөжээ.  Гэхдээ хамгийн наанадаа гэхэд дөрөвдүгээр сард л их хэмжээний нийлүүлэлт хийгдэх боломжтой гэж Еврокомиссын тэргүүн үзэж байна. Мөн Европын холбооны гишүүн орнуудыг вакцинжуулалтын нэгдсэн стратеги боловсруулахыг уриалжээ.  Гэтэл үүнээс л үүдэн асуудал урган гарч магадгүй юм. ЕХ бүх орнууд нэгэн зэрэг вакцин хүлээн авна, харин тоо хэмжээ нь хүн амынх нь тооноос хамаарна гэж амлаж байгаа юм. Гэвч эхний ээлжинд бүгдэд хүрэлцэхүйц вакцин гарахгүй гэдэг нь ойлгомжтой байгаа. Тиймээс Европын холбооны улс орон бүрийн эрх баригчид аль орон түрүүлж вакцинжуулалтад хамрагдах, хүн бүрт, үнэ төлбөргүйгээр зайлшгүй вакцинд хамруулах эсэхээ шийдэх шаардлагатай болжээ. 

 

Тухайлбал, Герман, Нидерланд зэрэг улс орнуудад вакциныг албан журмаар хийхгүй гэдэг нь тодорхой болсон. Форсэл мэдээллийн сервисийн мэдээллээр Польш улс хүн амынхаа дөрөвний нэгд, Их Британи хүн амынхаа тал хувьдхүрэлцэхүйц вакцин захиалсан бол харин Швед, Дани зэрэг Скандинавын орнууд бүх иргэдээ вакцинжуулахаар төлөвлөж байгаа аж. 

 

Чех улсад энэ асуудлыг шийдэхээр олон нийтийн санаа бодлыг сонссож бөгөөд аливаа вакциныг эсэргүүцэгчдийн зүгээс ихээхэн дайралттай тулгарчээ.Тиймээс коронавирусийн вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ, харин тарилга хийлгээгүй хүмүүсийг амны хаалт зайлшгүй зүүхийг шаардах юм байна.  Ямартай ч хүн амын 60 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдана гэж Чехийн Эрүүл мэндийн яам тооцоолж байгаа аж.

 

Европын холбооны зөвлөмжөөр, эхний ээлжинд эрүүл мэнд болон асаргааны байгууллагын ажилтнууд, 60-аас дээш насныхан, архаг хууч өвчинтэй хүмүүс, зай баримтлах боломжгүй болон орон гэргүй хүмүүс нэн тэргүүнд вакцинд хамрагдах ёстой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин