Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрлээ
2020-11-17

 

Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн байна. Иймд Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдрийн 06.00 цагаас 24 цагийн хугацаанд хөдөлгөөний бүрэн зогсолт хийх шийдвэр гаргалаа. Сэжигтэй тохиолдлын шинжилгээг ХӨСҮТ-рүү илгээсэн аж. 

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: 

 

-Дархан-Уул аймагт 10302 иргэнээс шинжилгээ авлаа. Шинжилгээгээр сэжигтэй нэг тохиолдол илэрлээ. Тиймээс шөнө 01.00 цагт аймгийн онцгой комисс хуралдсан. Хуралдаанаар  сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болон дам хавьтлыг олж тогтоох, Дархан-Уул аймагт нэг хоногийн хугацаанд буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны 06.00 цаг хүртэл бүрэн зогсолт хийх шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр:

 

-Дархан, Сэлэнгэ аймагт иргэдийн зорчих хөдөлгөөн нягт байдаг. Иймд Дархан хотод урьдчилан сэргийлэх арга хэмжээг өнгөрсөн хоногуудад хийлээ. Гурав хоногт  10 мянган хүнээс урьдчилан сэргийлэх тест авлаа. Энэ нь нэг гэр бүлээс нэг хүн гэдэг суурь зарчим баримталсан.  Дархан хотод 88 мянган хүн оршин суудаг бол нийт иргэдийнхээ 50 хувийг тандалт судалгаанд хамрууллаа гэсэн үг. Энэ шинжилгээгээр нэг хүний хариу эерэг гарсан. Үүнийг баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү илгээсэн. Ойрын хавьтал 60 орчим хүнийг илрүүлээд байна. Тиймээс Дархан хотод 24 цагийн хугацаанд бүх нийтийн тэг зогсолт зарлаж байгаа.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин