COVID-19-ийн вакцин түгвэл долларын ханш унана
2020-11-17


Коронавирусээс сэргийлэх вакцин өргөн дэлгэрч, дэлхийн эдийн засаг болон худалдааг сэргээхэд тусалбал 2021 онд ам.долларын ханш 20 хувиар унаж болзошгүй гэнэ. Энэ талаар Сити групп санхүүгийн корпорацийн шинжээчид таамагласныг Блүмберг агентлаг дамжууллаа. 

 

Түүнчлэн ам.долларын ханшинд нөлөөлж мэдэх өөр нэг хүчин зүйл нь АНУ-ын Холбооны нөөцийн системийн зөөлөн бодлого гэж судлаачид үзсэн байна. Тэдний үзэж байгаагаар хөрөнгө оруулагчид хүү бага байгаагийн улмаас Америкийн активаас олон улсын активууд руу шилжихээс аргагүй болох гэнэ.

 

Вакцинуудын туршилт амжилттай болсон талаарх мэдээлэл Оросын валютын зах зээл дээр ч хэлбэлзэл үүсгэсэн байна. Тухайлбал, 11 дүгээр сарын есний өдөр  Pfizer болон BioNTech компанийн вакцин 90 хувь үр дүнтэй гэж зарласны дараа рубльтэй харьцах долларын ханш 1.45 хувиар буурчээ. Харин 11 дүгээр сарын 16-ны өдөр, Модерна компанийн вакцины үр дүнгийн талаарх мэдээлэл гарсны дараа рубльтэй харьцах долларын ханш 1.3 хувиар буурсан байна.

 

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 16-ны даваа гарагт Америкийн Модерна компанийн боловсруулсан COVID-19 коронавирусийн халдвараас сэргийлэх  mRNA-1273 вакцины  үр дүн 94.5 хувь гэдэг нь тогтоогдсон хэмээн боловсруулагч компани мэдэгдэж байлаа. Модерна компанийн онцолсноор туршилтад оролцогсдын ихэнх нь вакцинжуулалтыг ямар нэг сөрөг нөлөөгүйгээр давсан байна. Харин вакцин хийлгүүлсэн зарим хүнд булчин, үе мөч, толгой өвдөх, тариулсан газарт улайх зовууриуд илэрч байжээ. Гэхдээ энэ бүх шинж тэмдгүүд удаан үргэлжилээгүй гэнэ.

 

Энэ оны сүүл гэхэд Модерна 20 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын хүн амын вакцинжуулалтад ашиглагдаж магадгүй. Улмаар 2021 онд 500 саяас нэг тэрбум хүртэлх тун вакцин үйлдвэрлэхээр тооцож байгаа аж. 

 

Үүнээс өмнө, 11 дүгээр сарын есний өдөр Америкийн Pfizer болон Германы BioNTech компаниудын хамтран боловсруулсан вакцин коронавирусээс 90 хувь хамгаална гэсэн урьдчилсан дүн гарсан талаарх мэдээлэл цацагдсан. Энэ вакцины клиникийн туршилт зургаан орны нутаг дэвсгэр дээр явагдаж, 43500 хүн туршилтад оролцоход ямар ч сөрөг нөлөө гараагүй аж. Улмаар компаниуд шинэ вакциныг энэ сард хэрэглэх боломжийг нээхийн тулд вакциныг шуурхайлан бүртгэх хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Харин Оросын төдийгүй дэлхийн анхны коронавирусийн вакциныг наймдугаар сарын 11-ний  өдөр бүртгэсэн. Коронавирусийн халдвараас сэргийлэх дэлхийн анхны вакцин болсон энэ бэлдмэлийг "Спутник V" хэмээн нэрлэжээ. "Спутник V" вакцины үр дүн 92 хувьтай гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдсэн юм.Оросын хоёр дахь вакциныг бүртгэхээр болсон тухай мэдээлэл 10 дугаар сарын 14-нд гарсан. Хоёр дахь вакциныг Вектор төв боловсруулсан бөгөөд "ЭпиВакКорона" хэмээн нэрлэжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ashgui dee .covid19 vakcin hurdan garaasai.:
hurdan vakcin ni garch amar jimer boloh yumsan .dollar ni gesen navs unaj 1500 boloosoi
2020-11-18