ЭМЯ: Сэлэнгэ аймагт коронавирусийн таван тохиолдол батлагдлаа
2020-11-17

 

ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Нийслэл хотод халдварын голомт, хавьтлаас авсан 836 шинжилгээнд коронавирус илрээгүй. Уг шинжилгээнд Найрамдал зуслангийн 156 хүүхдийн тандалтын шинжилгээ орсон байгаа. Сэлэнгэ аймгийн голомтод 150 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс коронавирусийн таван тохиолдол батлагдлаа. Түргэвчилсэн тестээр 395 сорьцод шинжилгээ хийхэд мөн таван тохиолдол эерэг гарсан байгаа. Түргэвчилсэн тестээр хийсэн таван сорьцыг дахин баталгаажуулна. 

 

Тодруулбал, Сэлэнгэ аймагт өмнө нь түргэвчилсэн тестээр эерэг 22 сорьцыг батлах шинжилгээ хийж үүнээс таван тохиолдол нь батлагдсан гэсэн үг. Дархан-Уул аймгийн сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийж батлагдсан байна. 

 

Манай улсын батлагдсан тохиолдол нийт 440 боллоо. Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжлээ. Нийт эдгэрсэн  тохиолдол 329 боллоо. Нийслэлийн голомтод батлагдсан 10 тохиолдлыг эмчилж байгаа. Сэлэнгэ аймагт есөн тохиолдол, Дархан-Уул аймагт нэг тохиолдол нийт дотоодын халдвар 20 боллоо. Сэлэнгэ, Дархан-Уулын төмөр замыг дагасан төв суурин газруудыг дамнасан коронавирусийн батлагдсан тохиолдол гарч ирж байгаа. Үүнд нийт 10 тохиолдол батлагдаж байна. Тиймээс төмөр зам дагуу ажиллаж байгаа иргэд өөрсдийн биеийн эрүүл мэндэд хяналт тавьж шаардлагатай тохиолдолд коронавирусийн шинжилгээнд хамрагдахыг хүсье. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин