Маргаашнаас иргэдийн хөдөлгөөнийг онцгойлон хорьж, нягтралыг албадлагаар сийрүүлнэ
2020-11-17

Нийтийн тээврийн цагийн хуваарьт дахин өөрчлөлт оруулж 07.00 цагаас 10.00 цаг, 17.00 цагаас 20.00 цаг гэсэн цагийн зохицуулалттайгаар үйлчлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. 

 

 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан "Улаанбаатар хотын хөдөлгөөн өнөөдөр 10 хувиар, автомашины тоогоор 30 орчим мянгаар нэмэгдсэн байлаа. Энэ нягтралыг бууруулахын тулд үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 

 

Зарим дүүрэгт түгжрэл үүсээд байна гэх мэдээлэл ирсэн. Үүний шалтгаан нь замын уулзвар дээр цагдаагийн алба хаагчид онцын зорилгогүй, хуурамч үнэмлэх үзүүлэх зэрэг зөрчлийг шалгаж тодорхой хэмжээний түр зогсолт хийсэн. Цаашид хөдөлгөөний нягтралыг албан журмаар, албадлагаар сийрүүлэхгүй бол болохгүй байна. Цагдаагийн тавьсан шаардлагыг иргэд маань зөвөөр ойлгож хүнс түгээлт, эмнэлгийн тусламжаас  өөр автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна.  

 

Төрийн албан хаагчдаас маргаашнаас 15-20 хувь нь ажилдаа ирнэ. Эдгээр албан хаагч ажилдаа ирэхдээ албаны үнэмлэхээс гадна тухайн байгууллага нь "энэ хүн ажиллаж болно" гэсэн нэмэлт үнэмлэх олгоно. Энэ үнэмлэхтэй байснаар ажилдаа ирж очих эрхтэй болно. Маргаашнаас иргэдийн хөдөлгөөнийг онцгойлон хорино. Иргэд зөвөөр ойлгож хариуцлагатай байхыг хүсье" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин