ЭМЯ: 20 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 455 боллоо
2020-11-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.18/ хийлээ.

 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Дорнод аймгийн лабораторид арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод ойрын хавьтал 529 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Ингээд Нийслэлд бүртгэгдсэн голомтод 15 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Хоёрдогч хавьтал 3710 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт 300 гаруй хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс шинээр батлагдсан тохиолдол 6 байна. Нийт Сэлэнгэ аймгийн голомтод 10 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Төмөр зам дагуу төв суурин газруудын дагуух иргэдийн дунд тандалт шинжилгээ хийх үүргийг харьяа  газрууддаа өгсөн. Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцноос нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Нийт коронавируст халдварын тохиолдол 30 болжээ. Төмөр зам дагуу ажиллаж амьдарч байгаа иргэд та бүхнийг шинжилгээ өгөхийг хүсье. Тандалт судалгаа үргэлжилж байгаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 455  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 329 байгаа. Нийт эдгэрээд гарсан 329 хүний 17 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 2 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  310 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 119 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 94 хүн хөнгөн, хүндэвтэр 22, хүнд 3  хүн байна. Нутаг буцаасан 7 хүн бий.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин