Эдгэрсэн иргэдийн ҮГ: “Та халдвар авчээ”...Түүнээс цааш амьдрал бий юу?
2020-11-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр коронавирусийн анхны дотоод халдвар бүртгэгдсэн. Тухайн өдрийг хүртэл манай улсад батлагдсан тохиолдлын тоо 328-д хүрээд байсан ч бүгд зөөвөглөгдсөн, тусгаарлаж амжсан халдварууд тул бид “дотооддоо алдаагүй” гэх дэвэргэн бодол тээсээр алхаж явсан. Харин ОХУ-аас аравдугаар сарын 14-ны өдөр нэвтэрсэн ачаа тээврийн жолооч 35 настай эрэгтэй Д-ээс дотоодны анхны халдвар илэрч “алдаагүй” гэх тодотголоо нэгэнт алдчихсан.

 

Төр засгаас шийдвэр гаргаж эхлээд гурав, дараа нь тав тэгээд 14 хоногийн хатуу хөл хорио тогтоож өнөөдрөөс тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг албадлагаар хумиж буйгаа анхааруулсан.

 

БНХАУ-д коронавирусийн халдвар өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүл үеэс бүртгэгдэж эхэлсэн. Тус улсын Ухань муж, АНУ, Сингапур, ОХУ-аас эхлээд олон оронд халдвар голомтлон тархаж дэлхий тэвдэж эхэлсэн. Гэхдээ арван сарын турш тэд вирустэй тэмцэж, хамгаалж, хөл хорионд өнөөдрийн бидний үйлдлийг давтаж байсан. Дэлхий дасан зохицож эхэллээ.

 

Харин монголчууд бидэнд халдвар шинэхэн бас айдас дагуулж байна. Одоо бид айхаас илүү хэрхэн даван туулах хүч тэнхээ чухал байна. Тиймээс коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн туршлагаас хуваалцахыг зорилоо. Анх ямар шинж тэмдэг илэрдэг, “Та коронавирус тусжээ” гэдэг шинжилгээний хариуны дараа хүн хэрхэн амьдрал байгаад итгэж, даван туулдаг, ХӨСҮТ ямар эмчилгээ хийдэг, эдгэрээд гарахад нийгэм яаж хүлээж авдаг бол? Хилийн чанадад элэг нэгтнүүд минь энэ өвчнөөр өвдчихөөд хаанаас, юунаас хүч тэнхээ олсон бол?

 

АНУ-д аж төрж буй Л.Мөнхтөр. Тэр тус улсад ачаа тээврийн жолоочоор ажилладаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавирусийн халдвараар өвчилсөн ч өнөөдөр хэвийн амьдралаа үргэлжлүүлж яваа хоёр хүүхдүүд аав. Тэр туулж давсан бүхнээ ийн хуучлав.

 

Энэ үгийг сонсох тэр мэдрэмж: “Та коронавирусийн халдвар авчээ”

 

 

“Дөрөвдүгээр сарын 11-нд огцом халуурч, бие нэлээд сульдаж, хөлөрч, маш их сульдаж, цээжин дээр нэг юм дараад байх шиг хүнд санагдсан. Манай хүний хамраас нь цус гоожоод гурав хоног дараалан 37,8-38,4 хүртэл  өндөр халуурч эхэлсэн ч харшилтай учраас нэг их тоогоогүй. Шөнө унтаж чадахгүй зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг илэрч байсан. Ингээд дөрөвдүгээр сарын 13-нд явж шинжилгээ өгсөн. Орой болохоор огцом хүндрээд шинж тэмдэг нь ихэсээд ирдэг. Амраад өглөө босонгуут гайгүй болчихдог. Өглөөгүүр эмнэлэгт очсон учраас шинж тэмдэг алга байна гээд тоохгүй байсан. Би арай гэж шинжилгээ өгөөд манай эхнэрээс аваагүй.

 

Шинжилгээний хариу 18-нд тодорхой болсон ч 20-нд бидэнд хэлсэн. Үндсэндээ 7 хоногийн дараа шинжилгээний хариу тодорхой болсон гэсэн үг. Энэ хооронд улам хүндрээд, уушгаар хатгадаг шинж тэмдэг илэрч эхэлсэн байлаа. Хоёр, гурав хоног дараалан халуураад ирэхээр би коронавирус тусчихаж гэж боддог. Гэхдээ хүн шинжилгээний хариу гартал итгэхгүй, итгэхийг ч хүсдэггүй юм билээ. Ингээд хариу гарлаа. Эмч утасдаад “Та тайван байгаарай, шинжилгээний хариу эерэг гарсан. Та коронавирусийн халдвар авчээ” гэхэд пал гээд л явчихдаг юм билээ. Уг нь түгээмэл шинж тэмдэг илрээд байгаа учраас мэдсэн хэр нь үгүй байгаасай гэдэг айдас далд ухамсарт байсан. Тухайн мөчид хамаг юм харанхуйлаад дээрээс хүнд юм дараад авах шиг л санагдсан.

 

Хоёр хүүхдээ орхиод хорвоог орхиж болохгүй...

 

-Шинжилгээний хариуг хэлээд манай эмч зөвлөгөө өгнө гэсэн. Эмч хорио цээрийн дэглэм сахь, өрхийн эмчтэйгээ холбогдож зөвлөгөө ав гэж хэлсэн. Өрхийн эмч нэг антибиотик эм С, Д витамин бичиж өгсөн. Шинэ вирус учраас тодорхой эмчилгээ байхгүй. Чи амьсгалж чадахгүй хүндэрсэн хүн биш учраас эмнэлэг явах шаардлагагүй. Гэртээ эмээ уугаад хорио цээрийн дэглэм барь гэсэн. Ийм л эмчилгээ хэлсэн дээ. Манай эхнэрээс шинжилгээ аваагүй ч шинж тэмдэг минийхтэй яг ижилхэн учраас эмч рүүгээ утасдаж гуйхад надад бичиж өгсөн эмнүүдийг зөвлөсөн. Эмээ захиалгаад гэртээ хүргүүлж авсан. 

 

Хоёрын хоёр хүүхэд маань бүлтийтэл харж байхад аав, ээж хоёр нь дараалан дараалан урвайгаад өгвөл болохгүй шүү дээ. Сэжгээр өвдөг сүжгээр эдгэрнэ гэдэг үнэн. Би зөвхөн нүдээ харуулаад заримдаа шилээ зүүгээд, маскаа зүүгээд л амьдарсан даа. Манайх хоёр өрөөтэй. Хоёр хүүхдээ тэнд тусгаарласан. Халуун бүлээн зүйл лемоны жүүс, аарц уулгаж, Д витамин ахиухан өгч байсан. Гэртээ байгаа хүмүүс мэдээ л үзнэ. Breaking News нас барсан хүмүүсийн статистикийг тоог улаанаар тодруулаад л харуулахаар их юм бодогдоно.

 

Ингээд бүтэн сарын дараа тавдугаар сарын 1-нд хоёр хүүхэдтэйгээ, дөрвүүлээ явж шинжилгээ өгсөн. Шинжилгээг бол сайн дураараа очиж өгөх ёстой. Түүнээс та өвчин туссан ирж өг гэж хойноос хөөцөлдөх зүйл байхгүй. Бие гайгүй болонгуут сайн дураараа очиж шинжилгээ өгсөн. Хариу сөрөг гарсан. Энэ бол тусаад эдгэрдэг өвчин, нэг төрлийн ханиад шүү гэдгийг хэлмээр байна. Улстөрийн гэдэг юм уу үзэл суртал явж байгаа нь үнэн. Та туслаа гэхэд суурь өвчтэй, хэвтрийн хүн биш л бол амь насаа алдахгүй.

 

Эмнээс илүү эмчилгээ нь СЭТГЭЛИЙН ДЭМ

 

-Монгол хүн сэтгэл санаагаараа өөдрөг байхад бүрэн эдгэрдэг өвчин шүү. Коронавирус туссан хүнд эмийн эмчилгээнээс гадна хүн сэтгэлийн, нийгмийн амьтан учраас сэтгэлийн хүч хамгийн зөв эмчилгээ. Би халдвар авснаа хэлсэн, цахим хуудсандаа нийтэлсэн, ах дүү нартаа, танилууддаа дуулгасан. Тэгсэн хүмүүс утасдаж бие асуугаад, тусламж илгээгээд л, ерөөлийн үг хэлээд л эхлэхээр хүн их урам ордог юм билээ. Хүмүүсийн сэтгэлийн эерэг давалгаа эмнээс илүү хүчтэй үйлчилдэг юм билээ. Сэтгэл өндөр байхаар  “би эдгэрнэ” гэдэг дархлаа тогтдог юм байна гэдгийг баттай ойлгосон. Би олны хүчээр айдсаа даван туулж эдгэрсэн.

 

Энэ өвчнөөр хүнд өвчлөөд эдгэрсэн хүмүүс хуучны эрүүл үе шигээ байдаггүй юм билээ. Урт, удаан хугацаанд эмчилгээ, сэтгэлийн хүч хэрэгтэй юм байна. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй” гэж өөрийн эдгэрсэн түүхээ хуучиллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэгвэл манай улсад, ХӨСҮТ халдвартай иргэдйг хэрхэн эмчилж байна вэ?. Үүнд ОХУ-д ажиллаж амьдарч байгаад өнгөрөгч тавдугаар сарын 14-нд Монгол Улсдаа ирсэн, шинжилгээний хариу эерэг гарч эмчлүүлээд эдгэрсэн иргэн Н.Алтанхундага ийн хариулав.

 

Шинж тэмдгээ хүлээсэн ч илрээгүй, гэхдээ л “Та халдвартай”

 

-“Би тавдугаар сарын 14-нд 280 Монгол иргэнийг хилээр нэвтрүүлэхэд ирсэн. Ирэхийн өмнө ОХУ-д хоёр удаа шинжилгээ өгөхөд хариу сөрөг гарсан. Монгол руу ирэхдээ реалбус гээд дөрвөн тасалгаатай нийтийн вагонд 160 орчим хүнтэй зорчиж ирсэн. Ирээд Батсүмбэрт байрлах сувиллын газарт нөхөр, хүүхдийн хамт  тусгаарлагдсан. Ингээд тавдугаар сарын 15-нд шинжилгээ аваад 16-нд хариуг хэлэхдээ та халдвар авчээ гэсэн. Миний хувьд вагонд хамгаалалтын хувцастай, хоёр гурван давхар масктай явж байсан. Ойр ойрчмоо ариутгаж ч явсан. Манай вагоны 37 хүнээс халдвар илэрсэн. Үүний 10 гаруй нь шинжилгээ өгчихсөн байсан учраас халдварыг галт тэрэгнэээс авчихлаа гэдэг мэдээллийг ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч, УОК-т хандаж хэлсэн ч үгүйсгэсэн.

 

Хариу сөрөг гарсан ч надад ямар ч шинж тэмдэг илрээгүй. Коронавирусаар өвдсөн хүмүүстэй би ярилцаж байсан. ОХУ-д маш хурц шинж тэмдэг илэрч байсан. Тухайлбал хамар угаасаа хатаж хуурайших шинж. Хуурай ханиах, халуурах, хоолой өвдөх, үнэрлэх мэдрэмж алдах, амтлах мэдрэмж алдах, суулгах, маш бага хувьд нь нүд өвдөх шинж тэмдэг илэрсэн байсан. Энэ шинж тэмдгээс аль нь ч надад илрээгүй. Хамт ирсэн, халдвар илэрсэн хүүхдүүдээс асуусан чинь ганц нэгхэн хүүхэд ханиалгасан, бас нэг, хоёр нь ханиалгасан, бас суулгасан. Гэхдээ суулгах үедээ эвгүй юм идсэн гэж байсан. Тэгэхээр би:

 

Нэгдүгээрт: Замдаа өвдсөн учраас өвдөөд удаагүй үедээ эмчилгээ хийлгээд маш хурдан эдгэрсэн байж магадгүй.

 

Хоёрдугаарт: Шинж тэмдэггүй хэлбэрийн коронавирусийн халдвараар бид өвдсөн байж болно гэдэг таамаг дэвшүүлээд байгаа. Эсвэл коронавирусийн хүч суларч аминд хүрсэн хүнд хэлбэр нь багассан байж болох. Гэхдээ үүнийг батлах боломж байхгүй.

 

 

“Би өвдөөгүй юм болов уу”

 

-Сэтгэл санааны хувьд залуу хүн биш учраас жаахан хүндэрвэл яана вэ гэж бодож байсан. Байнгын түгшүүр байдаг юм билээ. Аймар өвчин, их хүнд тусдаг, өвдсөн хүмүүс амиа алддаг гэсэн мэдээлэл байгаа учраас би өвдөөгүй, өвдөөгүй байгаасай гэж их эргэлздэг юм билээ.

 

Халдвар авснаа эхлээд сонсоход эвгүй л юм билээ. Шинж тэмдгүүдийг мэдэж байсан учраас илрэхийг нь хүлээгээд байсан илэрдэггүй, 10 хонолоо. Илрэхгүй болонгуут би өвдөөгүй юм болов уу гэсэн бодол төрж эхэлсэн. Одоо ч энэ бодол надад байгаа. Сувилалд ирээд маскаа зүүхгүй, нэг орон дээр унтаад хамт байсан хэр нь нөхрөөс маань вирус илрээгүй, өвчлөл мэдрэгдээгүй. Ингээд сувиллаасаа ХӨСҮТ-д шилжиж ирээд 20 хоног эмчлүүлээд сувилалд 14 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоноод гарсан. 

 

“Монголчууд цэрвэдэггүй”

 

-Эдгэрээд гарахад Монголчууд цэрвэх вий гэж бодсон ч тийм хандлагатай таараагүй. Эцэст нь хэлэхэд энэ бол нэг төрлийн ханиад.  Гэхдээ хүнд төрлийн ханиад. Манайд илрүүлэг эрт, хурдан шинжилж байгаа. Хэрэв та туссан бол айх хэрэггүй. Хүндрүүлсэн бол харин хүнд тусч магадгүй. Уламжлалт тан уугаад байхад тусахгүй байх боломж бий гэж зөвлөмөөр байна” гэлээ.

 

Н.Алтанхундагатай хамт нэг галт тэргээр зорчиж ирээд халдвар туссан, ХӨСҮТ-д эмчлүүлээд эдгэрсэн оюутнуудаас ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Магад тэд хөнгөн туссан, түүнийг эрт илрүүлсний ач гавьяа байж болох. Халдвар авсан иргэдэд дархлаа дэмжих болон уушгины эм, С витамин уулгаж байсныг мөн хэлэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэд эдгэрсэн. Тиймээс бидэнд маргааш бас нөгөөдөр ч бий.  Аягатай кофе барьсан, чихэндээ хөгжимтэй залуус холхисон их хотын гудамж эргээд ирнэ. Тэр гудамжаар улаан, хүрэн, хар, цагаан өнгийн бойтгон, буузан хоншоорт, цасны, цаа бугын арьсан гуталнууд зөрж өнгөрнө. Тэр гуталнууд хаа нэг тийшээ л яарч яваа даа...

 

Коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн иргэдийн яриаг "ShapeMongolia" цахим хуудаснаас ашиглав.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
монголд зохион байгуулалт үнэхээр муу, маш муу байна даа
2020-11-19
зочин:
Оросоос салаад шинжлэх ухаанаас салав. Шинжлэх ухаанаас салаад Монгол улс дампуурав.
2020-11-18
Zochin:
Tussan buhen uhwed bdag yvchin bish shu de, maskaa zuugeed humuys hoorondo 1,5m zai bariad garaa bainga sawantai usaar ugaagaad bwal bolno doo
2020-11-18
Зочин:
Гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлацгаа.
2020-11-18
Manai egch Londond emnelegt ajilladag . Ungursun 4 sard corona tusaad 10 aad honog gertee uuriiguu tushaarlaj baisan. Tegeed edgesen . Yaag hatgaa absan yum shig baisan gesen. Odoo zuv zugeer l ajilaa hiij baigaa.
2020-11-18