Б.Ууганбаяр: Өнөөдөр 167 иргэн гэрийн ажиглалтад шилжинэ
2020-11-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.18/ хийлээ.

 

 

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: 

 

-Өнөөдрийн байдлаар манай улсад 44 тусгаарлан ажиглах байранд 1981 иргэн  тусгаарлан ажиглагдаж байна. Улаанбаатар хотын 26 байранд 1520 хүн байгаа. Орон нутагт 13 тусгаарлан ажиглах байранд 461 иргэн тусгаарлагдаж байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал болсон иргэдийг тусгаарлах ёстой гэсэн зөвлөмжийн дагуу УОК-ын Шуурхай штабаас ажиллагаа зохион байгуулж 85 иргэнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Арваннэгдүгээр сарын 13-наас хойш нийт 664 хавьтлыг  тусгаарлан ажиглаж байгаа. Улаанбаатар хотод 529, орон нутагт 135 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. 

 

Тусгаарлах байруудад Онцгой байдлын байгууллагын 61 алба хаагч, цагдаагийн байгууллагын 187 албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын 96 ажилтан нийт 344 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. 

 

Өчигдөр тусгаарлах байрнаас тодорхой тооны иргэд гарч, гэрийн ажиглалтад шилжсэн байна.  Шуурхай штабаас гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтаар хүргэх ажлыг зохион байгуулж байна. 14 хоногийн хугацаанд дэглэм барих талаар баталгаа, гаргуулж гарын үсэг зуруулж байгаа. Гэрийн ажиглалтад хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдөр 167 иргэн ХӨСҮТ-ийн шинжилгээний дүнг үндэслэн гэрийн ажиглалтад шилжинэ. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн хугацаанд дэглэм хатуу сахихыг анхааруулж хэлье.

 

Өчигдөр олон нийтийн сүлжээнд цэргийн төв эмнэлэгтэй холбоотой бяцхан хүүхэд өлсөж байгаа талаар бичлэг тавигдсан. Цэргийн төв эмнэлэгтэй холбогдож энэ мэдээллийг тодруулсан. Цэргийн төв эмнэлэг өдөрт дөрвөн удаа халуун хоолоор үйлчилж байгаа. Хүүхдэд зориулсан хоол үйлдвэрлэл явагдаж байгаа гэдгийг  хэлье. Өнөөдөр хоолны амт чанар, хэмжээнд шалгалт хийхийг  мэргэжлийн хяналтын байгууллагад Шуурхай штабаас үүрэг чиглэл өгсөн. Цэргийн төв эмнэлгээс хоолны цэс гаргуулж үзсэн. 

 

Хүүхдийн хоолны цэс:

 

  • Өглөө: Цай боорцог, сүүтэй цагаан будаа
  • Өдөр: Бинтэй ногоотой шөл, гурвалжин будаатай хуурга 
  • Их үд: Цай талх
  • Орой: Гоймонтой хуурга, үзэмний шүүс, талх 

 

Коронавирустай тэмцэх ажлыг шат дараалан зохион байгуулж ажиллаж байгаа. Хэн нэгэн албан тушаалтан, албан байгууллагыг шүүмжлэхээс өмнө энэ өвчний тархалтыг таслан зогсоох, хохирол багатай даван туулах цаг тулгараад байна. Эв нэгдэлтэй байх шаардлагатай. Бид энэ өвчнийг эв нэгдэлтэй байж даван туулна. Монголын ард түмэн нэг гэр бүл. Хүндрэл бэрхшээл тохиолдвол хамтдаа үүрнэ. Хэрэв бидэнд ололт амжилт байвал хамтдаа хүртэнэ. Хэн нэгэн хүн энэ хүндрэл бэрхшээл, асуудлаас гадуур байна гэдгийг хатуу анхааруулж хэлье.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин