COVID-19: Дэлхийн улс орнууд хямралын үед иргэдээ хэрхэн дэмжив?
2020-11-19 08:30

Дэлхий дахин коронавирусийн цар тахлын нөхцөлд  жил орчим хугацаанд амьдрав. Энэ хугацаанд олон орон цар тахлын хамрах хүрээг хязгаарлах үүднээс хөл хорио тогтоож, бизнес үйлчилгээ тасалдаж, улмаар манай гаригийн хүн амын талаас илүү хувийнх нь орлого буурсан гэсэн судалгааг Zaim.com гаргажээ. Мөн энэ судалгаагаар дэлхийн 195 орон иргэддээ тусламж үзүүлэхээр төлөвлөсөн, үзүүлж байгаа гэсэн дүн гарсан байна.

 

Дэлхийн хүн амыг дэмжих үзүүлэлт хямрал эхлэхээс өмнөхтэй харьцуулахад 93 хувиар өсчээ. Улс орнууд дундаас иргэдээ дэмжих үзүүлэлт хамгийн бага хувиар нэмэгдсэн нь Беларус /15 хувь/, Молдав улс /18/ хувь байгаа бол Египетэд 157 хувь, Өмнөд Солонгост 150 хувиар өсчээ.

 

 

Дэлхийн зарим оронд ажилгүйдлийн өсөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа зориулжээ. Тухайлбал, Герман, Дани, Швед, Их Британи, Франц улсад хөл хориотой холбоотойгоор ажилтнууддаа чөлөө олгон, сул зогсоосон компаниудын цалингийн зардлыг төрөөс даасан байна.

 

Франц улсад компаниуд цалингийн зардлын 84 хувийг улсаас гаргаж, ажилтнууд цалингаа 100 хуь авчээ. Хойд хөрш ОХУ ч ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний зардлын зарим хэсгийг нөхөн төлж байгаа бөгөөд коронавирусийн улмаас орлого нь буурсан компаниуд нэг ажилтанд зориулж ойролцоогоор 12 мянган рубль /429 мянган төгрөг орчим/ хэмжээтэй нөхөн төлбөр авчээ. 

 

Харин зарим орон бага орлоготой болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд нэн тэргүүнд гар сунгасан байна. АНУ-д жилийн орлого нь 75 мянган ам.доллараас хэтэрдэггүй гэр бүлийн хүүхэд бүр 500 ам доллар, том хүн 1200 ам.долларын тэтгэмж авчээ. Харин Аргентины эрх баригчид тэтгэвэр авдаг бүх хүнд нэмэлтээр 3000 песо олгосон байна. 

 

Японы эрх баригчид бага орлоготой айл өрхүүдэд тус бүр 300 мянган иен /монгол мөнгөөр 7,4 сая гаруй төгрөг/ , хүүхэдтэй гэр бүлүүдэд энэ тэтгэмж дээр нэмж, нэг хүүхдэд 10 мянган иен олгожээ. Үүний зэрэгцээ тусламж хэрэгтэй этгээдүүд хүүгүй зээл авах эрхийг нээж өгсөн байна.

 

Канад улсын хувьд, 2019 оны дүнгээр жилийн орлого нь 5000 канад доллараас бага, мөн хөл хорионы улмаас орлогынхоо хэсгийг алдсан иргэдэд дөрвөн сарын туршид сар бүр 500 канад долларын /монгол мөнгөөр 977 мянган төгрөг/тэтгэмж олгох бол орлого багатай иргэд нэг удаад 400 канад долларын тэтгэмж олгожээ. 

 

Бразилд албан ёсоор ажилгүй болсон гэж бүртгэгдсэн иргэд гурван сарын туршид сар бүр 115 ам.доллар /монгол мөнгөөр 301300 төгрөг/ олгох бол өрх толгойлсон эхчүүдэд энэ мөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнтэй тэтгэмж олгож байгаа гэнэ.

 

Мөн албан ёсоор татвар шимтгэл төлдөггүй ч эдийн засгийн албан бус салбарт ажилладаг иргэдээ дэлхийн олон орон хямралын үед хайхралгүй орхисонгүй. Тухайлбал Канад улс ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй иргэдэд дөрвөн сарын туршид сар бүр 2000 канад долларын тэтгэмж олгож байна. Харин Тунисын эрх баригчид албан бус салбарт ажилладаг, нийгмийн бусад төрлийн тэтгэмжийн хөтөлбөрт хамрагдаагүй ажилтнуудад тус бүр 200 динар /монгол мөнгөөр 188 мянган төгрөг/ олгохоор шийдвэрлэжээ. Тайландад Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаггүй иргэдэд гурван сарын туршид сар бүр 5000 бат /монгол мөнгөөр 416.7 мянган төгрөг/ оллгохоор болсон байна. 

 

Дэлхий нийт хувиараа хөдөлмөр эрхлэгч болон фрилансерууд /гэрээгээр ажилладаг, чөлөөт ажилтнууд/-ыг ч хайхралгүй орхисонгүй.

 

Португалд 12 нас хүртэлх насны хүүхэдтэй хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хагас жилийн туршид сар бүр 438 евро /монгол мөнгөөр 1,3 сая төгрөг/ олгох шийдвэр гаргаж байв. АНУ-д фрилансеруудад ажилгүйдлийн тэтгэмжийг дөрвөн сарын туршид авах боломж олгосон бөгөөд ингэснээр энэ төрлийн хөдөлмөр эрхлэгчид дөрвөн сарын тэтгэмж нийлээд 9,6 мянган ам.доллар  /монгол мөнгөөр 25,1 сая төгрөг/ авах эрхтэй болжээ.

 

Их Британийн эрх баригчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд сар бүр 2,5 мянган фунт стерлинг /8,5 сая төгрөг/-ийн тэтгэмж олгон тэднийг дэмжсэн бол Германд фрилансеруудад гурван сарын туршид сар бүр 500 евро олгожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Shavar ovooloh bolohooroo mungutei bolchdog uls daa manai tur zasgiihan chin. Tur zasag ch gej dee tuv zasangiihan shuu dee
2020-11-19
Badarch taxar:
Mongotoi ni mongoo ogood mongogvi ni gereese garahgvi bai gesen vgeer shagnaj bga yum
2020-11-19