Цар тахал: Герман дахь эсэргүүцэл ба найдлага төрүүлсэн вакцинууд
2020-11-19


 Pfizer эмийн компани өөрсдийнх нь боловсруулсан вакцин ахмад настнуудад 94 хувийн үр дүнтэй байгааг зарласан бол Хятад улс яаралтай нөхцөлд вакцинжуулалт хийхийн тулд КоронаВак вакцинаа баталгаажуулахаар болжээ. Энэ зуур ковид тусаад эдгэрсний дараа дархлаа удаан тогтдогийг Америкийн эрдэмтэд тогтоосон бол Германд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Дэлхий даяар цар тахлын энэ үед ямар үйл явдлууд болж өнгөрсөн талаар тоймлон хүргэе. 

 

Аюулгүй вакцин


Pfizer болон  BioNTech компаниудын хамтран боловсруулсан коронавирусээс сэргийлэх вакцин 65-аас дээш насныханд 94 хувийн үр дүнтэй байгаа нь тогтоогджээ. 

 

Мөн энэ вакцин нас болон угсаа гарлаас үл хамааран хүмүүст ижил сайн үр дүнтэй байгааг боловсруулагч компаниуд мэдэгджээ. Энэ вакцины туршилтын гурав дахь шат үргэлжилж байгаа бөгөөд туршилтад дэлхийн олон оронд 41 мянган хүн оролцож, тэдэнд гурван долоо хоногийн завсарлагатайгаар хоёр тарилга хийсэн байна.Боловсруулагч компаниуд АНУ-д яаралтай ашиглахын тулд вакцины лицензийг авахаар төлөвлөж байгаа аж. 

 

Pfizer болон  BioNTech компаниуд энэ онд 50 сая тун, 2021 оны эцэс гэхэд 1.3 тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилттой ажиллаж байгаа гэнэ.

 

Хятадын өөр нэг вакцин 

Хятад улс хэд хэдэн вакцин боловсруулж байгаагийн нэг нь 700 хүн оролцсон туршилтын завсрын шатанд өндөр үр дүнтэй гэдгээ харуулжээ. Энэ нь Синовак Биотеч компанийн боловсруулсан Коронавик вакцин бөгөөд үүнийг тариулсан өвчтөнүүдэд дархлааны хариу урвал маш хурдан үүссэн байна. 

 

Хятадад одоогийн байдлаар дөрвөн вакцин туршилтын гурав дахь буюу сүүлийн шатандаа явж байгаагийн нэг нь дээрх вакцин аж. Хятадын вакцин боловсруулагчдын мэдээлснээр туршилтын эхний шатанд 144 өвчтөнд хийсэн ажиглалт, хоёрдугаар шатанд 600 өвчтөнд хийсэн ажиглалтын дүнгээс харахад яаралтай вакцинжуулалтад Коронавак вакциныг ашиглаж болно гэсэн дүгнэлт гарсан байна. Харин одоогоор гурав дахь шатны туршилтын дүнгийн талаарх мэдээлэл гараагүй. Өнгөрсөн долоо хоногт Бразилд энэ вакцины туршилтад оролцож байсан нэг хүн нас барсны улмаас туршилтыг зогсоосон ч нас баралт вакцинтай холбоогүй гэдэг нь тогтоогдсноор туршилтыг сэргээжээ.

 

Нью-Йорк сургуулиудаа хааж байна 


Коронавирусийн халдвар эрс өссөнтэй холбоотойгоор пүрэв гарагаас эхлэн Нью-Йорк хотод  дунд сургуулиудыг хаахаар болжээ. Ингэснээр 300 мянга орчим хүүхэд хэсэг хугацаанд цахимаар хичээллэх болсон байна. 

 Хотын эрх баригчдын мэдэгдсэнээр коронавирусийн тестийн эерэг хариуны тоо гурван хувийн босгоос давсан тул ийм шийдвэр гаргажээ. Цар тахал дэгдсэнээс хойш Нью-Йоркийн 35 мянга орчим оршин суугч коронавирусийн халдварын улмаас нас барсан байна. 

 

Энэ хотод өвчний тархалттай тэмцэх зарим төрлийн хязгаарлалтын арга хэмжээ үйлчилж байгаа юм. Тухайлбал, баар, зоогийн газрууд 23.00 цаг хүртэл хүмүүст үйлчилж, хувийн байшин, байранд үдэшлэг зохиохоор бол 10-аас дээш хүн цуглуулахгүй байхыг сануулжээ.

 

Германы эсэргүүцэл 


Германы нийслэл Берлин хотын төвд коронавирустэй тэмцэх арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалд олон мянган хүн оролцжээ. Жагсаалд оролцогчид амны хаалт зүүгээгүй байсан гэнэ. Тэднийг амны хаалт зүүхийг шаардахад эсэргүүцсэн тул жагсагчдыг  тараахаар ус шүршигч, нулимс асгаруулагч хий ашиглан, оролцогчдыг баривчилж эхэлсэн байна. Жагсаалын үеэр 200 хүн баривчлагдаж, есөн цагдаа гэмтжээ. .

 

Дархлаа удаан тогтоно

Өнөөдрийн байдлаар хамгийн томд тооцогдож байгаа АНУ-д хийсэн клиникийн судалгаагаар, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст найман сарын дараа ч дахин өвчлөхгүй байх нөхцлийг бүрдүүлэх эсрэг биетийн тоо хангалттай байгаа нь тогтоогджээ. 

 

Тайланг Колд-Спринг Харбор дахь Америкийн лаборатори нийтэлсэн бөгөөд одоогоор шинжлэх ухааны сэтгүүлд хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ аваагүй байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
olsson ard tumen yach ch magadgui shhu
2020-11-19
Oyutnuudaa anhaar:
Oyutnuudaa huduu gert ni hariulaachee!!! Ulsgulun bolvol irgenii Sain Garah bolno!!! Bolgoomjil!!! Trügen arga hemjee avaachee!!!
2020-11-19