ЭМЯ: 31 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 505 боллоо
2020-11-19

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.19/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Дорнод аймгийн лабораторид арваннэгдүгээр сарын 18-нд нийт 1390 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн тир машины 30 жолооч 7 жолоочийн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн шинжилгээнээс гурван хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт 4 хүний шинжилгээ, Дорноговь аймагт нэг хүний шинжилгээ, Орхон аймагт бүртгэгдсэн голомтоос 13 тохиолдолд, Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтоос гурван тохиолдолд тус тус коронавирус илэрсэн байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хот болон таван аймагт коронавирусийн халдвар бүртгэгдэж голомтлон гарч байгаа. 

 

  • Улаанбаатар хот:14
  • Сэлэнгэ: 28
  • Орхон: 13
  • Дархан-Уул: 11
  • Дорноговь: 1
  • Говьсүмбэр: 1

 

Нийслэлд Улаанбаатар төмөр замын хавьтлуудын дундаас илэрсэн 4 хүний шинжилгээнд коронавирус тус тус илэрсэн. Нийт орон нутгийн байршилтай голомтод 72 тохиолдол болоод байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 505  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 329 байгаа. Нийт эдгэрээд гарсан 329 хүний 17 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 2 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  310 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 169  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 126 хүн хөнгөн, хүндэвтэр 35 ,хүнд 1  хүн байна. Нутаг буцаасан 7 хүн бий.

 

Нийт халдвар авсан 3-70 насны хүмүүс байгаа бөгөөд дундаж нас 32 байна. 52,3 хувь нь эрэгтэй хүн байгаа.  Судалгаагаар нэг хүний халдвар тараах эрсдэл 2,5-3 хүн байна. Нэг дунджаар 26 хүнд халдвар  тараах эрсдэл байна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин