ДЭМБ Оросын вакцин боловсруулагчидтай хамтран ажиллаж байна
2020-11-19

ДЭМБ-ийн ажилтнууд болон Оросын "Спутник V" коронавирусийн эсрэг вакциныг боловсруулагчид энэхүү бэлдмэлийг үнэлэх ажиллагаа явуулах талаар хэлэлцээ хийж байгаа хэмээн ДЭМБ-ын Орос дахь төлөөлөгч Мелита Вуйнович мэдэгдсэнийг ОХУ-ын Регнум холбооны агентлаг дамжуулжээ.

 

"Оросын вакцин боловсруулагчид бусдын адил ДЭМБ рүү файлаа өгсөн. Вакцинд үнэлэлт дүгнэлт өгөх ажиллагааг эхлүүлэх талаар Оросын вакцин боловсруулагчид болон ДЭМБ-ын хэлтэсийн хооронд хэлэлцээ явагдаж байна" хэмээн Мелита Вуйнович мэдэгджээ. 

 

Түүний онцолсноор вакцины боловсруулалтыг хэлэлцэх явц дууссаны дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим хуудас дээр зохих мэдэгдэл гарах юм байна.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 11-ний өдөр Орос улс дэлхийн анхны коронавирусийн вакциныг бүртгэж байлаа. Энэ вакциныг дэлхийн олон орон авах хүсэлтээ гаргасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин