Пушкиний хөргийн оронд заларсан Путиний зургийг депутат уржээ
2020-11-20

Оросын Смольнинское орон нутгийн тойргийн  депутат Никита Юферов нутгийн захиргааны нэгэн танхимд зохиолч Александр Пушкиний хөргийг өлгөжээ. Гэтэл үүнээс хэдэн өдрийн дараа Пушкиний зургийн оронд Владимир Путиний хөргийг өлгөсөн байхыг тэрбээр олж харсан байна. Улмаар депутат Ерөнхийлөгчийнхөө хөргийг буулган, урж хаяжээ. Энэ талаар хүний эрхийг хамгаалагч Павел Чиков Телеграмм сувгаараа мэдээлсэн байна. 

 

Харин Юферов "Хурлын танхимаас Пушкиний хөрөг алга болсон. Тиймээс депутатын арга хэмжээ авахаас аргагүй боллоо" хэмээн Фейсбүүктээ бичсэн байна.

 


Үүний дараа захиргааны ажилтан цагдаа дууджээ. "Ерөнхий командлагчийн зургийг урсан гэсэн дуудлага ирсэн" хэмээн дуудлагаар ирсэн нэгэн цагдаагийн алба хаагч өгүүлсэн бөгөөд цагдаагийнхан нутгийн захиргаан байран дээр ирж, тэнд байсан хүмүүсээс хэдэн асуулт асуугаад, явсан байна. 

 

Энэ бүх явдал депутатуудын зөвлөлийн хуралдаан дээр саяхан болсон талаар Юферов "Фонтанка" хэвлэлд өгүүлжээ. Түүний өгүүлснээр, зургийг урснаас цагийн дараа цагдаагийнхан ирж, депутат бичгээр тайлбар өгсөн байна. 

 

Тайлбарт "ханан дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй төстэй үл мэдэгдэх эрэгтэйн хөрөг өлгөөтэй байсан. Тухайн үед ууртай байсан тул энэ зургийг буулгаж, урсан" гэж бичсэн талаар Фонтанка мэдээлсэн байна. Түнчлэн депутат Пушкиний хөрөг алдагдсан хэрэгт шалгалт хийхийг хүсчээ.

 

Депутатын өгүүлснээр, цагдаагийнхан депутатуудын хурал дуусахыг хүлээсэн гэнэ.

 

"Зөвлөлийн хурал дуусахыг цаг хагасын хугацаанд хүлээсэн. Дараа нь цаг орчим байцаасан. Нэг зургаас болж шүү! Биднийг зөвлөлийнд оролцохоор захиргааны байр руу оруулахгүй байх үед бид дөрвөн удаа цагдаа дуудахад нэг ч цагдаа ирээгүй" хэмээн Юферов өгүүлсэн байна.

 

Өнгөрсөн онд энэ тойрогт сөрөг хүчнийхэн болон эрх баригч намын дэмжлэгтэй бие даагчид сонгогдсон байна. Тэр цагаас хойш байнгын сөргөлдөөн үүсч, даргаа ч сонгож чадаагүй байгаа гэнэ. 

 

"Захиргаа болон бидний хооронд байнгын сөргөлдөөн эхэлсэн. Биднийг явмагц Путиний хөргийг өлгөчихнө. Бид зөвлөл дээр ирэхдээ тэр газарт нь Пушкиний хөргийг өлгөчихдөг юм" хэмээн сөрөг хүчнээс сонгогдсон төлөөлөгч ярьсан байна. 

 

Ерөнхийлгөчийн хөргийг урсан депутатад ямар хариуцлага ноогдуулах талаар одоогоор тодорхойгүй байгаа юм. Цагдаагийнхан хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хариуцлагад татвал хүний эрхийг хамгаалагчид Юферов депутатыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

 

Энд дуулгахад 11 дүгээр сарын тавны өдөр Пермийн хязгаарын шүүх Ерөнхийлөгч Путинийг дүрсэлсэн хүүхэлдэй барин акци хийсэн Навальныйн штабын идэвхтэн Александр Шабарчинд  хоёр жил хорих ял оноосноо өөрчлөн тэнсэн харгалзах ял болгосон байна.

 

Орост Ерөнхийлөгчийн хөрөг зурагт зүй бус хандсантай холбоотой тусгайлсан зүйл заалт байхгүй ч "танхайрал" гэх заалтаар шийтгэсэн тохиолдол бий. Тухайлбал,2012 онд Чувашийн "Өөр Орос орон" хөдөлгөөний идэвхтэн Дмитрий Каруев Оросын Ерөнхийлөгч Владимир Путины бодлоготой санал нийлцэхгүй байгаа, эсэргүүцлээ илэрхийлэх үүднээс Путиний хөрөг рүү нулимсан байна. Улмаар түүнийг "жижиг танхайрал" гэсэн зүйл ангиар буруутган, энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулдаг хамгийн дээд ял шийтгэл болох 15 хоног баривчлах шийтгэл ноогдуулж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
буруу бичсэн л болохоос үнэн л дээ, хогийн гэж бичнэ
2020-11-20
хогын орос
2020-11-20
буруу бичсэн л болохоос үнэн л дээ, хогийн гэж бичнэ