Дархан-Уул аймагт коронавирусийн хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ
2020-11-20 10:27

 

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өчигдөр/2020.11.19/ 21:30 цагт мэдээлэл хийлээ. Тус аймагт хоёр  халдвар нэмж бүртгэгдэн нийт батлагдсан тохиолдол 13  боллоо. 

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:

 

-Өнөөдөр оройны/2020.11.19/ байдлаар Дархан-Уул аймагт хоёр тохиолдол нэмж бүртгэгдэн нийт 13 боллоо.  Төмөр замын бүсэд байгаа нийт ажилтан албан хаагчид, тэдгээрийн ар гэрийнхнийг шинжилгээнд хамруулах зорилготой. Төмөр замын ажилчид, ар гэр нийлсэн 1000 орчим иргэнээс шинжилгээ авсан.  Түргэвчилсэн оношлогоогоор хоёр  тохиолдолд сул эерэг гарч нийт 13 тохиолдол бүртгэгдлээ.

 

Мөн аймгийн онцгой комисс Хонгор суман дээр ажиллаа. Учир нь Хонгор сумын гуравдугаар баг “Салхит” өртөө 500 өрхийн 1600 иргэнтэй. Тухайн газар 400 орчим төмөр замын ажилчид ажилладаг ба хоёр тохиолдол илэрсэн. Түүний ойрын хавьтлуудыг тусгаарлаж, “Салхит” дөрвөн хэсэг газар ажиллаж 1600 иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

 

Төмөр замын ажилчдыг үргэлжлүүлэн тандах ажлыг зохион байгуулна. Төмөр замд ажилладаг 1088 иргэний 3500 орчим гэр бүлийн гишүүд бий. Эдгээр иргэдийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэнэ.

 

Аймгийн онцгой комисс хуралдаж дараагийн арга хэмжээний шийдвэрээ эцэслэн гаргана. Аймгийн онцгой комиссын даргын хувьд хүнд нөхцөлд байгаа иргэдийнхээ санал бодлыг сонсохоор иргэдийнхээ дуудлагыг өөрийн утсаараа авч эхэлсэн. Өчигдрийн тухайд 650 орчим иргэнтэй  ярилцаж, сонирхсон асуултад хариулж, шийдвэрлэх ёстой асуудлыг шийдвэрлэж байна. Нийтдээ 1200 орчим иргэнтэй биечлэн утсаар ярьж, заавар зөвлөгөө өглөө.

 

Олон иргэнээс Улаанбаатар хот болон бусад аймгуудад байгаа иргэд  хэзээ ирэх, Дарханд байгаа иргэд гарах хөдөлгөөн хийх асуудлыг ярьж байна. Одоогийн байдлаар УОК шийдвэр гаргаагүй байхад аймгийн онцгой комисс шийдвэр гаргаж иргэдээ татах болон гаргах үйлдэл хийх боломжгүй. Цаашдаа энэ нөхцөл байдлын талаар УОК-той ярилцаж тодорхой шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай байгаа.  

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин