ЭМЯ: 37 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 555 боллоо
2020-11-20

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.20/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Дорнод аймгийн лабораторид нийт 3625 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 37 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Өмнөд Судан улсаас аравдугаар сарын 31-нд ирсэн 214 энхийг сахиулагчийн гурав дахь давтан шинжилгээгээр 1 хүний шинжилгээнд , Алтанбулагийн боомтоор арваннэгдүгээр сарын 16-нд ирсэн нэг тир машины жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. 

 

Өчигдөр оройны 17.00 цагаас хойших тандалт судалгаа шинжилгээний дүн:

 

Дархан-Уул аймгийн лабораторид 63 хүнд шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тус аймагт бүртгэгдээд байгаа коронавируст халдварын  батлагдсан тохиолдол 16 боллоо. Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус аймгийн батлагдсан тохиолдол нийт 51 болсон. Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдсан. Нийт тус аймагт батлагдсан тохиолдол 6 болжээ. Нийслэлд шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 болсон байна. Улсын хэмжээнд гарч байгаа багц өвчлөл нийт  120 болжээ. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 555 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 335 байгаа. Нийт эдгэрээд гарсан 335 хүний 26 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 2 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  310 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 213  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 180 хүн хөнгөн, хүндэвтэр 32 ,хүнд 1  хүн байна. Нутаг буцаасан 7 хүн бий.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин