Герман цэрэг Монголд халдвар авсан гэх мэдээллийн ҮНЭН, ХУДАЛ
2020-11-21

Германы br.de цахим хуудас дээр Монгол Улсад үүрэг гүйцэтгэж байсан Германы цэргүүд хөл хорионы улмаас ирэх хугацаа нь хойшлогдсон талаар мэдээлжээ. Энэ мэдээлэл манай хэвлэлүүдээр тархсан бөгөөд анхдагч мэдээллийн эх сурвалж болон түүнийг орчуулж хүргэхдээ алдсан нь иргэдийн дунд ихээхэн төөрөгдөл төрүүлэв. 

 

Br.de цахим хуудас мэдээлэхдээ: 

 

“ХБНГУ-ын армийн Бад Райхенхаллын уулын явган цэргийн ангийн 25 цэрэг коронавируст халдварын улмаас хоёр долоо хоног тусгаарлагджээ. Тэд Монгол Улсад болсон цэргийн сургуульд оролцсон юм.  Бад Райхенхаллын уулын явган цэргийн 23 дугаар бригадын цэргүүд  хоёр долоо хоногийн өмнө гэртээ ирэх ёстой байв. Гэсэн ч нэг цэргийн алба хаагчийн коронавирусийн тест эерэг гарсны улмаас бүрэн бүрэлдэхүүнээрээ хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотын нэгэн зочид буудалд тусгаарлагджээ" хэмээн мэдээлжээ. 

 

Монгол дахь албаны эх сурвалжууд Герман цэргүүдээс шинжилгээ нь эерэг гарсан тохиолдол байхгүй гэж хэвлэлүүдээр мэдээлсэн байна. Эндээс, дээрх цахим хуудас хэр итгэж болох эх сурвалж вэ гэсэн асуулт гарна. Br.de нь Германы Байерн мужийн томоохон мэдээллийн агентлаг бөгөөд телевиз, радио, сайт гэсэн хэвлэл мэдээллийн төрлүүдээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

 

Эх сурвалж юун дээр алдав? 

Дээрх эх сурвалжийн мэдээнд Монголд тусгаарлагдсан гэх Герман цэргүүдийг " Өмнөговь дахь "Тавантолгойн" сургалтын баазыг тохижуулсан" гэж мэдээлжээ. Үүн дээр байршлын хувьд алдав.

 

Өөрөөр хэлбэл, Германы хэвлэлийн сэтгүүлчид Таван толгойн талаар бичихдээ Өмнөговь аймгийн Таван толгойн орд газартай андуурчээ. Үүнийг Монголын хэвлэлүүд тэр чигт нь орчуулснаар иргэдийн дунд төөрөгдөл үүсэв. 

 

Үнэндээ Өмнөговийн Тавантолгой, цэрэгтэй холбоотой Таван толгой огт өөр. Энэ мэдээн дээр дурдах гээд алдсан  газар нь Таван толгой сургалтын төв бололтой. Таван толгойн сургалтын төв Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрладаг, цэргийн хээрийн сургалт зохион байгуулагддаг, цэргийн анги байрладаг газар юм.

 

Монголын БХЯ "ташаа мэдээллийг залруулах талаар ажиллаж байна" гэжээ. Энэ мэдээлэл дээр "Өмнөговийн Тавантолгой" гэсэн нь ТАШААРАЛ гэдэг нь харагдаж байна. Харин Германы цэргүүд манай улсад сургалт зохион байгуулж, байрлаж байсан уу гэвэл ТИЙМ. Тодруулбал, 10 дугаар сарын 20-ны өдөр "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Герман улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалтын үйл ажиллагаатай танилцлаа" гэсэн мэдээллийг Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас дамжуулж байв. Энэ мэдээлэлд, "Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа" гэсэн байв.

 

Мэдээлэлд өгүүлснээр, сургалт Зэвсэгт хүчний сургалтын төв болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулагджээ. Зэвсэгт хүчний сургалтын төв нь ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ТАВАН ТОЛГОЙ БИШ харин ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН НУТАГТ оршдог Таван толгойд байрладаг юм. 

 

Эндээс эргэлзээтэй нэг л асуудал үлдсэн нь "Герман цэрэг халдвар аваагүй " нь үнэн бол Германы нэр хүнд бүхий хэвлэл яагаад ингэж мэдээлэв? 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин