"Амьдрал"-гүй шийдвэрийн тань балгаар алхаад харьж л байх уу, дарга аа?
2020-11-21

Нийслэлийн шинэ засаг даргын бяр ихтэй ч бодлого үгүй шийдвэрүүд түгээлтийн жолоочоос эхлээд ТҮК-ийн ажилтнуудыг туйлдуулж эхэллээ.

 

Хотын дарга нийтийн тээврийн цагийн хуваарьт дахин өөрчлөлт оруулж 07.00 цагаас 10.00 цаг, 17.00 цагаас 20.00 цаг гэсэн цагийн зохицуулалттайгаар үйлчлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн улмаас ажлаа хаяад автобусандаа амжих, алхаад харих хоёрхон сонголт зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагын ажилчдад тулгараад байна. Жишээ нь ТҮК.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн хот тохижилтын газраас авсан мэдээллээр Нийслэлийн 6 дүүргийн 185.9 км гудамж зам талбайн цэвэрлэгээ, төвлөрсөн гурван хогийн цэгүүдийн хог дарж булах, Нийтийн бие засах газрын үйлчилгээнд нийт 542 хүн ажиллаж байна.

 

Зам цэвэрлэгээний 22:00-08:00 цагийн хооронд 15 машин, Хог тээврийн 18, Үйлчилгээний 11 машин, 14 бичил техник, 9 механизм, 17:00-08:00 цагийн хооронд бодис цацах 12 машин  ажиллаж байна. Aвто замын зорчих хэсэг, явган замын хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж хяналт шалгалт хийж хальтиргаатай газар 2020/11/19-ны 22:00-08:00 цагийн хооронд гудамж зам талбайг цэвэрлэн, бодис, давс цацан ажиллажээ. 

 

Энэ статистик мэдээний цаана хот тохижилтынхон найман цаг ажиллах ёстой ч цар тахлын энэ үед дөрвөн цагаар ээлжлэн ажиллаж байгаа аж. Өглөө 06.00 цагт ирсэн ажилтан 10.00 цагт тарна. Гэртээ харъя гэхээр  хувийн болоод ажлын, нийтийн унааг ч 17.00 цаг хүртэл явуулахгүй байх Засаг даргын захирамж гарсан. Иймд унаагүй ТҮК-ийн ажилчид хотын төвөөс Дэнжийн 1000, Толгойт, Нарангийн голд байрлах гэр гэртээ алхаад харьж байна. Эс бөгөөд өдөржин өлөн ходоодтой хотын гудамжаар хий сэлгүүцэж 17.00 цагийг хүлээж ядна. 

 

Нийслэлд саяхан их хэмжээний цас орсон шөнийн 02.00 цагт "эргэн цугла" гэсэн шуурхай дуудлагаар цугларч цэвэрлээгээ хийгээд өглөө 09.00 цагт буугаад гэртээ харьжээ. Гэсэн ч тэдэнд шөнө ажилласны нэмэгдэл бүх нийтийн бэлэн байдалд тэрүүн фронтод ажиллаж буйн урамшуулал огт үгүй. 

 

Бага насны хүүхэдтэй бол цалинтай чөлөө олгох шийдвэр ТҮК-ийн ажилчдыг тойрч огт хэрэгжихгүй байгаа аж. Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед халдвар хамгааллын хувцас гэж нимгэхэн таар углуулчихсан нь нэг л итгэл төрүүлэхгүй. Тэр нь урагдсан, цоорсон байгаагаас харахад яав ч халдвараас хамгаалж чадах найдлага үгүй. Иргэд цар тахлын энэ үед ч гудамжинд маскаа хаа хамаагүй хаясан хэвээр. Түүнийг нь эдгээр нөхөд л цэвэрлэж зогсоо. Тэд ажиллах ёстой. Бас амьдрах ч  эрхтэйг энд сануулъя.

 

Тэглээ гээд тэд гомдоллоогүй. Гэхдээ Д.Сумъяабазар дарга аа, хүч тэнхээ ихтэй шийдвэрээс илүү хүнээ бодсон, амьдрал мэддэг шийдвэр ард, олонд тань хэрэгтэй байна. Автобусны цагтаа өөрчлөлт оруул. Аль эсвэл ажилчдын автобусаа хөдөлгө. Үгүй бол талбайгаас Толгойт хүртэл та нэг алхаад үзээрэй.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин