Суданаас ирсэн энхийг сахиулагчдаас нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан
2020-11-21

Эрүүл мэндийн яамнаас "Ковид*-19" цар тахлын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өглөө. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдварын голомтод 2020.11.20-ны оройн 17.00 цагаас хойш нийтдээ 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнд Улаанбаатар хотод 5, Сэлэнгэд 5, Дорноговь аймагт 6, Орхон аймагт 4 тохиолдол нэмж бүртгэгдлээ. ХӨСҮТ, ЗООНОЗ, Дорнод, Дархан, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 2020.11.20-ны өдөр  нийтдээ 3071 шинжилгээ хийгдсэн байна. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын халдварын голомтод нийт 142 тохиолдол бүртгэгдээд байна.

 

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 578 боллоо. Үүнээс эдгэрсэн 337 буюу 58 хувь, сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2,  ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн, нутаг буцаасан 7 хүн байна. ХӨСҮТ-д 234 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 42, хөнгөн 190 хүн эмчлэгдэж байгаа" гэж мэдээллээ.

 

 

Суданаас ирсэн энхийг сахиулагчдаас нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Судан явсан энхийг сахиулагчид ирмэгцээ тусгаарлагддаг. Цэргүүдэд ч 21 хоногийн тусгаралалт ажиглалтын горимоор ижилхэн хянадаг. Халдвар илэрсэн энхийг сахиулагчийг ирмэгц шинжилгээ авсан. Хоёрдахь шижилгээг 14 хоногт авсан. Өчигдөр буюу 19 дахь хоног дээр шинжилгээ авахад коронавирус илэрсэн. Халуун орноос ирсэн учраас өөр халдвар байхыг үгүйсгэхгүй. Тухайн иргэний хувьд ямар ч эмнэлзүйн шинжгүй байсан ч халдвар илэрсэн. Тусгаарлагдаад эмчилгээнд байгаа" гэж мэдээллээ. 

 

Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 620 мянган хүн шинээр халдвар авчээ. Үүнээс халдварын тархалт улам өндөр болж буйг харуулж байна. 

Shuud.mn
Сонин хачин