Б.Азжаргал: Дархан коронаг "ялаагүй", тайвшрах болоогүй
2020-11-21

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

 

Тэрбээр "Төвийн зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд хэтэрхий туйлширч байна. Дархан-Уул аймаг коронавирусийн тархалтыг бүрэн таслаад зогсоосон мэтээр мэдээлж байна. Ийм зүйл байхгүй. Бид голомтоо хумьсан. Дараагийн шатны арга хэмжээнд шилжин ажиллана гэдгийг мэдээлсэн. Гэтэл Дарханы халдварын тархалтыг олж тогтоох үйл ажиллагаа дууссан мэт мэдээлж буй нь өрөөсгөл. Тиймээс иргэд сонор сэрэмжээ алдаж тайвширч болохгүй гэдгийг хэлье. Төмөрзамтай холбоотой халдварын эх үүсвэрийг тодорхой болгосон. Сүхбаатар Наушик чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнөөр өвчлөлийг бий болгожээ гэдгийг тогтоосон.

 

Гэхдээ Дарханы гурван хүн хаанаас өвчлөл авсан нь өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй. Тиймээс тодорхой болоогүй байна. Дархан-Уул аймагт нийт 16 тохиолдол бүртгэгдсэн. Энэ 16-ын цаана 48 тохиолдол байж магад гэсэн магадлалыг хэлж байгаа юм" гэж хэллээ.

 

Дархан-Уул аймгийн хэмжээнд тогтоосон тэг зогсолтыг сулруулж өнөөдрөөс аймгийн хэмжээнд банкны 23 салбар тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллана. Бэлэн мөнгөний 92 автомат машин ажиллах аж. Мөн 100 дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлж, таван худалдааны захыг ажиллуулахаар болжээ. 

Shuud.mn
Сонин хачин