ЭМЯ: 26 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 608 боллоо
2020-11-22

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.22/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1305 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 26 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, нийслэлд хоёр тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 40 болсон байна. Сэлэнгэ аймагт 19 тохиолдол шинээр бүртгэгдэн нийт 77 боллоо. Дорноговь аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгдэн нийт 17 болжээ. Дархан-Уул аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 20 болсон. Орхон, Говьсүмбэр аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй. Орхон аймагт 17, Говьсүмбэр аймагт 1 тохиолдол байгаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 608  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 337 байгаа. Нийт эдгэрээд гарсан 337 хүний 25 нь ажиглалт, тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  312 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 254  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 220 хүн хөнгөн, хүндэвтэр 41 ,хүнд 3  хүн байна. Нутаг буцаасан 7 хүн бий.

 

Өнөөдрийн байдлаар нийт ойрын хавьтал 801 хүнийг олж тусгаарлах, шинжилгээ хийх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хоёрдогч хавьтал 7528 хүнийг тогтоож вирус судлалын шинжилгээ бусад шинжилгээнд хамруулж байгаа. 

 

Нийт батлагдсан тохиолдлын 52 хувь нь шинж тэмдэггүй хэлбэртэй байгаа. Энэ нь халдвар гарсан голомтод очсон хүмүүс шинж тэмдэг илрэхгүй тохиолдолд мэдэхгүй яваад байх эрсдэлтэй.  Тиймээс үзвэр үйлчилгээ үзсэн, караокед орсон  бол эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. 

 

Шинж тэмдэгтэй хүмүүсийн 19 хувь нь уушги болон зүрх судасны архаг өвчин, элэгний B,C вирусийн халдвартай нь оношлогдсон байна. Илэрч байгаа эмнэлзүйн шинж тэмдгийн хуурай ханиалгах хэлбэр 15,5 хувьд нь байгаа. Тиймээс ханиалгах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, нусгайрах, үнэр амт мэдрэхгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл ханиад томуу гэж тайвширч болохгүй гэдгийг анхааруулъя. Мөн халуурах ядрах,  сульдах, жихүүдэс хүрэх, хамар хоолой хуурайших, хоолонд дургүй болох, үе мөч өвдөх, дотор муухайрах, нүд улайх үрэвсэх шинж тэмдэг гарч байгаа. Тиймээс уг шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөх, утсаар зөвлөгөө аваарай. 

 

Коронавирусийн халдвараар 4-72 насны хүмүүс өвчилсөн. 0-9 насны хүмүүс 6,9 хувь байна. 55-аас дээш насны хүмүүс 14,8 хувьтай байна. Дундаж нас 32 байгаа. 

 

Коронавируст халдварын нууц үеийг ДЭМБ-аас 14 хоног гэж тогтоосон. Тиймээс вирус илрэхээс өмнөх 48 цаг, вирус илэрснээс хойш нууц үеийн хугацаа дуустал халдвар тараах эрсдэлтэй. Манай улсад бүртгэгдсэн халдваруудын нууц үеийг тооцоход 5-5,2 хоногийн хугацаатай байна. Халдвартай байх үе нь 2-4 хоног байгаа. 

 

ДЭМБ-ын гишүүн улс орон бол зөвлөмж зөвлөгөөг дагаж эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг явуулдаг. Тиймээс ДЭМБ-ын эмчилгээний удирдамж өөрчлөгдөх тухай бүр түүнийг дагаж мөрдөж явсаар ирсэн. Мөн АНУ, ОХУ-ын шинээр нэмэгдсэн эм, удирдамжид чиглэл орвол түүнийг давхар дагаж мөрдөнө. 

 

Эмчилгээний удирдамжийн горим: 

 

Нэгдүгээрт, вирусийн эсрэг эмчилгээ хийнэ. 

Хоёрдугаарт, дархлаа дэмжих эмчилгээ хийнэ. 

Гуравдугаарт, хүндрэлийн эсрэг эмчилгээ хийх горимыг мөрдсөөр ирсэн. Цаашид ч мөрдөнө. 

 

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин