Обамагийн дурсамж дахь Путин, Меркель, Кэмерон нар
2020-11-23


АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн "A promised land" дурсамж номын өнгөрсөн долоо хоногоос худалдаанд гарсан. Борлуулагдаж эхэлсэн өдрөө энэ ном АНУ, Канадад 890 000 хувь зарагдсан нь Penguin Random House хэвлэлийн газрын дээд амжилт болжээ. Америкийн 44 дэх Ерөнхийлөгчийн ном бүхий л ерөнхийлөгчдийн дурсамж номнууд дундаас хамгийн борлуулалттай нь болж магадгүй талаар ВВС дамжуулжээ. 

 

Энэ номондоо Обама зөвхөн Америкийн бодлого төдийгүй гэр бүлийн амьдралд нь тулгарсан асуудлуудыг ч бисэн байна. Мөн номын ихээхэн хэсэгт гадаад айлчлал, дэлхийн улс орнуудын тэргүүнүүдтэй уулзсан талаар бичжээ. Түүнд улс төрчид ямар сэтгэгдэл үлдээсэн талаар ВВС номын хэсгээс дамжуулсан байна.

 

Владимир Путин

Барак Обама, Владимир Путин нар 2015 оны есдүгээр сарын 28-ны өдөр НҮБ-ын Төв байранд уулзаж байгаа нь 

Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар анх 2009 оны зун Орост очжээ. Тухайн үед Оросын Ерөнхийлөгчийн албыг Дмитрий Медведев хашиж байсан бөгөөд тэрбээр Обамад АНУ-тай сайн харилцаа тогтоох сонирхолтой "орчин үеийн удирдагч" мэт сэтгэгдэл төрүүлжээ. Тухайн үеийн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлынх зөвлөх Макфол Медведев "дэлхийн тавцанд чухал үүрэгтэй" гэдгээ батлах гэж хичээдэг гэдгийг Обамад ярьсан байжээ. 

 

Гэхдээ "Шийдвэрийг урьдын адил Путин гаргадаг гэдгийг мартаж болохгүй" хэмээн зөвлөх нь Обамад анхааруулсан байна. 

 

Энэ нь ч Дмитрий Медведевтэй хийсэн анхны уулзалт дээр батлагдав. Тухайн үед хоёр орны харилцаан дахь гол асуудлуудын нэг нь Гүржтэй хийсэн "гурван өдрийн дайн " байлаа. Энэ талаар ярьж эхэлмэгц "амаа үдүүлсэн мэт" л Оросын албан ёсны эрх баригчдын дүгнэлтийг давтаад байсан гэнэ. Харин өөр асуудал яригдахад илтэд "бие нь тавирч", тааламжтайгаар ярилцаж байжээ.

 

"Тэр өөрөө ч өөрийнхөө нэг ч үгэнд итгэхгүй байгаагаа надад харуулах гэсэн мэт л байлаа" хэмээн Барак Обама дурсамж номондоо бичжээ.

 

Үүний дараа Обама тухайн үед Ерөнхий сайдын алба хашиж байсан Владимир Путинтэй Ново-Огаревод уулзжээ. Обамаг "элбэг дэлбэг ширээ зассан" ордны том тагтан дээр угтсан бөгөөд Орос уламжлалын сонин содныг харуулах зорилгоор нэгэн эр гутлаар самоварыг үлээлгэж зогссон гэнэ. 

 

Обамагийн дурссанаар, анх улс төрд хөл тавих үед нь Чикагод таарч байсан хүмүүс шиг, "дүүргийн босс , гэхдээ цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлт хориг тавих эрхтэй, босс шиг " сэтгэгдлийг Путин түүнд төрүүлсэн гэнэ. 

 

"Авилга, сүрдүүлэг, хууран мэхлэлт, заримдаа хүчирхийллийг үйл ажиллагааныхаа хууль ёсны арга болгон гаргадаг, гудамжинд өссөн, хэрцгий, хэм хэмжээгээ алдсан, нэгэнтээ Чикагогийн улс төрийг нөхөж байсан төрлийн эрчүүдийг Путин надад санагдуулсан" хэмээн Обама бичжээ.

 

Обамагийн дурссанаар ярианы эхнээс нь Путин АНУ-д хандсан гомдол шүүмжлэлийг бүгдийг дэлгэрэнгүй ярихыг илүүд үзсэн гэнэ. Эхний асуулт дуусмагц л Путин эцэс төгсгөлгүй яриагаа эхлүүлсэн. "Оросуудад Америкчуудын зүгээс хэрхэн шударга бус, хүндлэлгүй харьцаж байгааг нэг бүрчлэн тоочоод есдүгээр сарын 11-ний өдөр тагнуулын мэдээлэл өгөх санал тавьж өөрөө Буш руу утасдсан гэдгээ хэлсэн" хэмээн бичсэн байна. 

 

Обамагийн бичсэнээр, Путины яриа 45 минут үргэлжилсэн гэнэ. Энэ бүхний дараа Америкийн төрийн тэргүүн дурдсан бүхий л гомдол шүүмжлэлд дэлгэрэнгүй хариулахыг хичээсэн ч Оросын Ерөнхий сайдад энэ бүх тайлбар хэрэггүй мэт сэтгэгдэл төрсөн гэнэ. Ямартай ч Путин зочныхоо яриаг төдийлөн чих тавин сонсохгүй байсан аж.

 

Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон

2016 онд Барак Обама Британид хийсэн айлчлалын үеэр тэд гольф тогложээ.

Итоны хүмүүжигч, Консерватив намын тэргүүн, 2010-2016 оны хооронд Британийн Ерөнхий сайдын алба хашиж байсан Дэвид Кэмерон "гайхалтай манер, өөртэй итгэлтэйгээр" нэн тайван хийгээд өөртөө төгс итгэлтэй гэдгээ харуулан гарч ирсэн гэх. 

 

Кэмерон түүнд таалагддаг байжээ. "Бид халз тулах хэрэг гарсан ч тэр хувь хүнийхээ хувьд надад таалагддаг байсан" хэмээн бичсэн байна. Гэхдээ Британийн Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын тал дээр санал нэгддэггүй байснаа нуусангүй. 

 

Найдвартай, шударга Ангела Меркель

2016 оны 11 дүгээр сарын 17, Берлин хот. 

"Найдвартай, үнэнч шударга, сайхан сэтгэлтэй" Ангела Меркелийг Барак Обама 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Берлин хотноо харжээ. 

 

Обамагийн дурссанаар Германы канцлер "найдвартай, үнэнч шударга, оюунлаг, төрөлхийн сайхан сэтгэлтэй" гэнэ.

Гэхдээ Меркель анхандаа Обамаг ихээхэн эргэлзэнгүй хүлээж авсан аж. Энэ нь Обамагийн уран ярианаас үүдэлтэй гэнэ. Обама өөрөө ч илтгэх чадвараараа бахархдаг гэдгээ нуусангүй. "Зүгээр л уран цэцэн ярьсан хүн байх вий гэж тээнэгэлзэн хүлээн авсанд нь би гомдоогүй ээ, энэ бол Германы тэргүүний хувьд хэвийн л хариу үйлдэл гэж бодсон" хэмээн Обама бичсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин