ДЭМБ: Европт COVID-19-ийн гурав дахь давалгаа үүсч болзошгүй
2020-11-23

2021 оны эхээр Европт коронавирусийн халдварын гурав дахь давалгаа үүсч болзошгүй гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тусгай элч Дэвид Набарро мэдэгджээ. Түүний өгүүлснээр, шаардлагатай дэд бүтэц байгуулахгүй бол ийм эрсдэл бий гэнэ. 

 

"Европчууд эхний давалгааг хяналтадаа авсны дараа зуны саруудад шаардлагатай дэд бүтэц бий болгох боломжоо алдса. Одоо хоёр дахь давалгаа явж байна. Шаардлагатай хүн хүч, дэд бүтцийг бий болгохгүй бол ирэх оны эхээр гурав дахь давалгаа үүснэ" хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгджээ.

 

Мөн Дэвид Набарро Европын орнуудад  Азийн орнуудаас туршлага авах олон зүйл байгааг онцоллоо.

 

"Олон нийтийн дунд вирус харьцангуй удаан тархаж байгаа эхэн үед шуурхай, шийдэмгий арга хэмжээ авах ёстой. Шийдэмгий арга хэмжээ авч чадахгүй бол асуудал улам томорно" гэж Набарро онцолжээ. 

 

Энд дуулгахад, сүүлийн сард дэлхий дахинаа илэрсэн коронавирусийн халдварын тоо цар тахал эхэлсэн эхний зургаан сарын хугацаанаас их байсан гэдгийг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус мэдэгдсэн юм. Гэхдээ сүүлийн өдрүүдэд коронавирусийн эсрэг "вакцинуудын туршилтуудын талаарх сайн мэдэнүүд" гарч байгаа нь цар тахал дуусах итгэл найдварыг төрүүлж байгааг тэрбээр онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин