ЭМЯ: 11 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 640 боллоо
2020-11-23

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.23/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 3011 хүнд шинжилгээ хийлээ. Тодруулбал, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Говьсүмбэр аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй.

 

  • Дархан-Уул аймагт: 20

  • Дорноговь аймагт: 17 

  • Орхон аймагт: 17

  • Говьсүмбэр: 1

  • Сэлэнгэ аймагт: 98 тохиолдол байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. 

 

Улаанбаатар хотод 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлууд нь хяналтад байсан батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа. 

 

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хавьтлын нийт 883 тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Үүнээс 39 хүнийг гуравдахь давтан шинжилгээнд, 68 хүн хоёрдахь давтан шинжилгээнд тус тус хамрагдсан.  Таван аймаг болон Улаанбаатар хотод хоёр голомт бий. Анх батлагдсан тохиолдлын голомт, төмөр зам дагуух хот суурин газрын кластер халдвар. Үүнд нийт 204 тохиолдол бүртгэгдээд байгаа.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 640  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 340 байгаа. Нийт эдгэрээд гарсан 340 хүний 28 нь ажиглалт, тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  312 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 293 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 245 хүн хөнгөн, хүндэвтэр 48  байна.

 

Өнөөдрийн байдлаар хоёрдугаар хавьтал 7787 хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа. Мөн төмөр замын хэсэгт илрүүлэг хийх зорилгоор түргэвчилсэн тестийг 30 мянган хүнд хийсэн. Коронавирус илрээгүй. Цаашид хяналтандаа авсан голомтын шинжилгээнүүдийг давтан хийх, үргэлжлүүлэн хавьтлыг илрүүлэх, тандах судлах ажил үргэлжилнэ. Иргэдийн дунд халдварыг илрүүлэх тандалт судалгааг өргөн хүрээтэй хийж байгаа. Халдварын батлагдсан тохиолдлуудыг гэрт нь тусгаарлахад Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур дүүрэгт амьдардаг хүмүүс халдварт өртсөн. Тиймээс тухайн дүүргүүдийн 35 мянган хүнд багцалсан шинжилгээ хийж илрүүлэг хийх ажлыг өнөөдөр НЭМГ-аас зохион байгуулж эхэлж байна. 

 

Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд амьсгалын замын халдварын шалтгаантай, амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвдөж хэвтсэн  хүн бүрт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Одоогоор тандалтаар авсан шинжилгээнд коронавирус илрээгүй байна. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин