G20 цар тахлыг ялсны дараа ШИНЭ ЭРИН ЦОГЦЛООНО
2020-11-23

Их хорийн (G20) дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 22-ны өдөр тунхаглал гаргаснаар өндөрлөлөө. АНУ, Герман, ОХУ, БНХАУ зэрэг багтдаг дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн төрийн тэргүүнүүд шинэ эрин цогцлоох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд шинэ төрлийн коронавирусийн цар тахлыг ялснаар шинэ эрин эхлэх аж. 

 

"Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын дараа бид дэлхий дахиныг хүчтэй, тогтвортой, тэнцвэртэй, бүрэн дүүрэн үнэ цэнтэй эрин рүү оруулах үүрэг хүлээж байна" хэмээн тунхаг бичигт өгүүлжээ.

 

Үүний зэрэгцээ "цар тахал нь бидний харилцан хамаарал, эмзэг байдлыг сануулсан хүчтэй сануулга" байсныг тэргүүлэгч гүрнүүд хүлээн зөвшөөрсөн байна. Мөн коронавирустэй тэмцэхэд "найдвартай, уялдаа холбоотой, нарийн тооцоолсон, өргөн цар хүрээтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй хариу арга хэмжээг хамтран нэгдэж авах ёстой" -г онцолжээ.

 

Их хорийн гишүүн орнууд цар тахалтай тэмцэхэд шаардлагатай мэдээллийг тухай бүрт нээлттэй хуваалцах, тахлын болон эмнэлзүйн мэдээллүүдээ солилцох, судалгаанд шаардлагатай материалуудыг хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Энэ тунхаг бичиг коронавирустэй тэмцэх салбар дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мандатыг баталгаажуулжээ. Түүнчлэн коронавирусийн цар тахлын улмаас илүүтэй хохирол амссан хөгжиж буй орнуудыг дэмжинэ гэж амалсан байна. Мөн коронавирусийн вакциныг хуваарилахад шударга ёсыг баримтлахаар баталгаажуулжээ. Үүний зэрэгцээ буурай орнуудын өрийн төлөлтийг 2021 оны зургадугаар сар хүртэл хойшлуулсан байна. 

 

Их хорийн тунхаг бичигт дэлхийн эдийн засгийг сэргээх чухлыг, түүнчлэн санхүүгийн системийн тогтвортой байдлыг дээшлүүлэх арга хэмжээнүүдийн ач холбогдлыг тусгайлан оруулжээ. Ийм арга хэмжээнүүдийн нийт өртөг нь урьдчилсан байдлаар 5 их наяд доллар гэж тооцоолсон байна. 

 

"Нягт хамтран ажилласнаар бид хүндрэлийг даван гарна гэдэгтээ итгэлтэй байна. Бид хүний амь насыг хамгаалж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээж, тогтвортой, тэнцвэртэй бүх талын өсөлтийн бат бэх суурийг тавина" гэж Их хорийн орнуудын хамтарсан тунхагт өгүүлжээ.

 

Их хорийн бүрэлдэхүүнд  Аргентин, Австрали, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Индонези, Итали, Канад, БНХАУ, Мексик, ОХУ, Саудын Араб, АНУ, Турк, Франц, Өмнөд Солонгос, ӨАБНУ, Япон, Европын холбоо багтдаг. Жил бүр болдог дээд хэмжээний уулзалт энэ жил коронавирусийн цар тахлынх улмаас түүхэндээ анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин