Сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ
2020-11-23

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

 

 

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар:

 

-Засгийн газар хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

 

Нэгдүгээрт, төсвийн ерөнхийлөн захирагч нарт зохицуулалт хийх эрх олгох асуудал

 

Хоёрдугаарт, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын талаар шийдвэр гаргалаа. Боловсролын байгууллагууд 12 сарын 01-нээс хойш танхимаар хичээллэхгүй. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид арванхоёрдугаар сарын 18 хүртэл теле болон онлайнаар хичээллээд  улирлын амралт эхэлнэ. Улирлын амралт хоёрдугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ. Мөн  их дээд сургуулийн оюутнууд нэгдүгээр сарын 05-наас хоёрдугаар сарын 15 хүртэл амарна.

 

Өнөөдрийн байдлаар коронавирусийн дотоодын халдвар 640 байгаа. Үүнээс дотоодын халдвар 204 байна.

 

  • Улаанбаатар хотод: 51

  • Сэлэнгэ аймагт: 98

  • Дархан-Уул аймагт: 20

  • Орхон аймагт: 17

  • Дорноговь аймагт: 17

  • Говьсүмбэр аймагт: 1 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Эмчилгээнд 293 хүн бий. Биеийн байдал хүндэвтэр 48, хөнгөн 245 эмчлэгдэж байна. Сорьц авах 162 цэг ажиллаж байгаа.

 

Аймаг бүр өөрийн гэсэн стратеги, тактиктай ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн эрсдэлтэй сумдад тандалт судалгаа, шинжилгээ авах ажлыг хийж байгаа. Сүхбаатар, Алтанбулаг, Зүүнхараа сумдад иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймагт нэмэлтээр PCR шинэ лаборатори хүргүүлж, суурилууллах ажил хийгдэж байгаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Алтанбулаг сумдад нийт 27 мянган иргэн бий. Эдгээр иргэдийг шинжилгээнд хамруулах зорилт дэвшүүлсэн. Нийтдээ 70 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Үлдсэн иргэдийг нь ойрын өдрүүдэд шинжилгээнд  бүрэн хамруулна. 

 

Дархан-Уул аймаг бол Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгийн төмөр зам дагасан голомтын дам хавьтлууд зорчиж явсан газар юм. Тиймээс тус аймагт коронавирусийн шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажилласан. Дархан-Уул аймагт 28 мянган өрхтэй. Нийт 20 мянга гаруй хүнээс түргэвчилсэн шинжилгээ авсан. Өрх бүрээс нэг хүнээс шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна. 

 

Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс Эрдэнэт үйлдвэрт ихээхэн анхаарал хандуулж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 6 мянга гаруй ажилчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан. Үүнээс сэжигтэй тохиолдлуудыг PCR шинжилгээнд хамрууллаа. Коронавирус илрээгүй. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод лаборатори байгуулагдаж, ажилдаа орсон. 

 

Нийслэлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж тасалдаагүй хэвийн байна. Үнэ ханшны тухайд огцом өсөлт гарсан зүйл алга. Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нөөцийн махнаас 9 хоногт 494,8 тонн мах худалдаалсан. Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг түр зогсоож байна. Учир нь махны худалдаа жигдэрсэн байгаа.  Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу 360 тонн нөөцийн махыг гаргасан. 

 

Нийгмийн халамжийн чиглэлээр арваннэгдүгээр сард 556 мянган иргэнд 38,6 тэрбум төгрөгийг олгох ажил зохион байгуулагдсан. Энэ сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг банкаар дамжуулан 1,2 сая хүүхдэд 119 тэрбум төгрөг олгогдсон.Тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө хүлээн авах 60 мянган иргэнийг дансжуулж 20 мянган иргэний банкны картыг хэвлэж хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. 

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин